“Дүрмээ мөрдье” аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-13 16:54:50

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг замын хөдөлгөөний зөв дадалд уриалах зорилготой “Дүрмээ мөрдье” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.


“Бид хичээж байна, та ч бас хичээгээрэй” уриан дор зохион байгуулж буй тус аяны хүрээнд аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, нөлөөллийн ажлыг эхлүүлсэн байна.


Нээлтийн үеэр Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Галбадрах “Улаанбаатар хотыг тойроод 150 километрийн радиус дотор бүрэн тоноглосон автомашинтай хөдөлгөөнт эргүүл гаргаж, 24 цагаар хяналт шалгалт хийж байгааг дурдлаа.


Энэ оны эхний таван сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1856 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 73 хувиар өсөж, зам тээврийн ослын улмаас нийслэлд 42, орон нутагт 176 хүний амь нас хохирсон байна.


Иймд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөх нь хөдөлгөөнд оролцогч хүн бүрийн хариуцлага, ухамсар, хамтын ажиллагаа болохыг нээлтийн үеэр уриаллаа.




相关新闻