ӨВӨРХАНГАЙ: Хүүхдэд аюулгүй, дэд бүтэц шийдэх боломжтой газарт зуслан байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл өнөөдөр хуралдлаа.
2019 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг баталсан бөгөөд ирэх 2024 онд хэрэгжиж дуусна. Зөвлөлийн хурлаар үлдсэн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нэмэлт санал оруулах, ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ярилцлаа.
Тухайлбал, хүүхдийг хамгаалахад эцэг, эхийн оролцоо маш чухал байгааг онцлов. Энэ оны байдлаар 27 хүүхэд харамсалтайгаар амиа алдсан бөгөөд урьдчилан сэргийлэх боломжтой тохиолдлууд олон байжээ.
Мөн газар хөдлөлт, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа энэ үед хүүхэд хэн нэгнээс аврал хүлээхгүйгээр өөрөө өөртөө туслах чадварт сургах ёстой. Тиймээс “Өсвөрийн аврагч” бүлгэмийг сургууль бүр идэвхжүүлж, залгамж халааг бэлдэх шаардлага байгааг хэлэв.
Боловсрол эзэмшээгүй
хүүхдүүдийн дийлэнх нь малчин өрхийн эрэгтэй хүүхдүүд байгаа ба тэдэнд
зориулсан танхимын болон ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах,
эцэг, эхийнх нь хамт соён гэгээрүүлэх хэрэгцээ байгааг онцоллоо.
Түүнчлэн зөвлөлийн хурлаар Хүүхдийн зуслан байгуулах асуудлыг хэлэлцэв. Зуслан байгуулах газар нь хүүхдэд аюулгүй, дэд бүтцийг шийдвэрлэх боломжтой байх юм. Энэ хүрээнд хэд хэдэн газрын талаар яригдсан бөгөөд Ажлын баг байгуулан газар дээр нь ажиллаж дүгнэлт гаргахыг Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн үүрэг болголоо.
Аймгийн Хүүхэд хамгааллын бодлогын ирэх жилийн төлөвлөгөөнд сүм хийдэд амьдарч байгаа хүүхдүүдийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, аймгийн төвд СӨБ-ын хоёр байгууллага тутамд нэг эмч,сургууль тус бүрт нэг эмч, сумдад сургууль, цэцэрлэгийн дунд нэг эмч ажиллуулахыг тусгаад байна.