Дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгө багасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-11-02 15:18:56

НЬЮ-ЙОРК, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /Forbes/. Дэлхийн хамгийн чинээлэг арван хүн өнгөрсөн сард нийт 50 орчим тэрбум долларын алдагдал хүлээсэн тухай Forbes сэтгүүл мэдээлэв.


Тодруулбал, Tesla, SpaceX компаниудыг үүсгэн байгуулагч, дэлхийн тэргүүн баян Илон Маск 35 тэрбум доллар алдсан нь түүний хөрөнгийн 14 хувийг эзэлж байна. Tesla-гийн хувьцаа 20 хувиар унасантай холбоотойгоор ийм хэмжээний алдагдал хүлээжээ. 


Хамгийн чинээлэг эрхмүүдийн чансаанд хоёрдугаарт бичигдэж буй, Францын тансаг зэрэглэлийн бараа үйлдвэрлэгч LVMH (LVMH Moet Hennessy-Louis Vuitton) компанийн эзэн Бернард Арно өнгөрсөн сард группийнх нь хувьцаа 5 хувиар буурсны улмаас 10 тэрбум доллар алдсан байна. 


Программ хангамж хөгжүүлэгч магнат Ларри Эллисоны хөрөнгө ч мөн багасжээ. Oracle корпорацийг үүсгэн байгуулагч тэрбээр хэдийгээр хамгийн баян хүмүүсийн чансаанд дөрөвдүгээр байраа хадгалсан ч сүүлийн нэг сарын хугацаанд корпорацынх нь хувьцааны үнэ гурван хувиар унасны улмаас 5 тэрбум долларын алдагдал хүлээсэн байна. Forbes-ын шинжээчид түүний хөрөнгийг одоогоор 131 орчим тэрбум доллароор үнэлж байна.


Харин Meta-г үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Цукербергийн хөрөнгө 300 сая доллароор нэмэгдэж, 106.9 тэрбум доллар болжээ. Facebook, Instagram, WhatsApp-ыг эзэмшдэг Meta Platforms компанийн хувьцаа өссөнөөр Цукерберг чансааны наймдугаар байрнаас долоодугаар байр луу дэвшсэн байна.


Forbes-ийн мэдээлснээр, манай гаргийн хамгийн чинээлэг 10 хүний нийт хөрөнгө 11 дүгээр сарын 1-ний байдлаар 1.32 их наяд долларт хүрчээ


Ташрамд сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Forbes сэтгүүлээс гаргадаг Америкийн хамгийн баян 400 хүний жагсаалтад сүүлийн гурван жилд хоёр дахь удаагаа багтаагүй байна. Цагаан ордны эзэн асны хөрөнгө өнгөрсөн оныхтой харьцуулахад 600 сая доллароор багасаж, 2.6 тэрбум доллар болжээ.  


相关新闻