БУЛГАН: “Жаргалант ирээдүй-2023” хүүхдийн чуулганыг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн зөвлөл, Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн
байгууллагууд хамтран “Жаргалант ирээдүй-2023” хүүхдийн чуулганыг аравдугаар сарын 2-4-ний өдөр зохион байгууллаа.
Чуулганд 115 сурагч оролцож тулгамдаж буй 34 асуудлаа илэрхийлснээс мэргэжлийн багшийн хомсдол, сум доторх зам шороо тоос ихтэй, шалбааг туучиж хичээлдээ явдаг, аймаг, сумын захын хороолол гэрэлтүүлэг маш муу, золбин нохой их байна гэх мэт саналуудыг хөндлөө.
Тулгамдаж буй асуудлуудын нэн тэргүүнд багшийн тогтвор суурьшлын талаар ярьж байна. Орон нутагт чадварлаг багшийг авч үлдэхэд удирдлагууд анхаарч ажиллахыг хүслээ. Сайн багш ирдэг боловч орон байр, нийгмийн асуудлаас болоод удахгүй шилждэг нь хүүхэд бидэнд хүндрэлтэй байдаг гэв.
Чуулганы үеэр 2022-2023 оны хичээлийн жилд Аймгийн хүүхдийн зөвлөлийг тэргүүлж ажилласан бүрэлдэхүүн тайлангаа тавьж, 2023-2024 онд ажиллах шинэ бүрэлдэхүүнээ сонголоо.
2023-2024 онд Булган
аймгийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүнээр I сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
Д.Лодойдамба, дэд тэргүүнээр I сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Ивээлжаргал,
нарийн бичгээр I сургуулийн сурагч Б.Мөнхжин, гишүүдээр I сургуулийн сурагч
Э.Шинэцэцэг,Б.Хүслэн, О.Булганчимэг, III сургуулийн сурагч Ц.Энхбулган,
С.Хажидмаа, СДС-ийн сурагч Ж.Хүсэл-Эрдэнэ, ЭӨЦС-ийн сурагч Г.Мэндбаяр,
Д.Даваажаргал нарыг тус тус сонголоо.