“Disney” компани “The Little Mermaid”-ээс сэдэвлэсэн телевизийн цуврал гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ВАШИНГТОН. /France24/.
Америкийн “Disney” компани 1989 онд үзэгчдийн хүртээл болсон “The Little Mermaid”
хүүхэлдэйн киноноос сэдэвлэн хүүхдүүдэд зориулсан шинэ хүүхэлдэйн цуврал гаргахаар болсон талаараа мягмар гарагт мэдэгдлээ.
Энэхүү цувралд өнгөрсөн сард нээлтээ хийсэн “The Little Mermaid” уран сайхны киноны нэгэн адил өнгөт арьст Ариель дүр бүтээх ажээ. Одоогоор мюзикл цувралыг бүтээх ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх онд бяцхан үзэгчдийн хүртээл болох төлөвтэй байна. “Disney Junior's Ariel” нэртэй цувралд усан доорх Атлантика хаант улсын ертөнцөд найман настай лусын гүнж Ариель болон түүний Флаундер зэрэг найз нарт тохиолдох адал явдлыг өгүүлнэ.
“Ариелийн тухай цуврал гарах гэж байгаад сэтгэл их хөдөлж байна, сургуулийн өмнөх насныхны ертөнцөд Ариель шиг гайхалтай дүр бий болно гэж төсөөлж байсангүй. Миний хувьд ч охиноо өөрийгөө адилтгаж харах дүртэй болж байгаад их баяртай байна” гэж “Disney” компанийн телевизийн контент хариуцсан охин компани болох “Disney Branded Television”-ий захирал Айо Дэвис ярьжээ.