Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-06-15 13:12:01

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 15 /CNN/. Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, “Оскар”-ын шагналт жүжигчин Гэри Олдмен, “The Who” хамтлагийн гоцлол дуучин Рожер Долтри нар хүлэг баатар /рыцарь/ цол хэргэм хүртсэн алдартнууд боллоо.


Өдгөө 50 настай Д.Бекхэмийн спорт, буяны үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү хэргэмийг хүртээжээ. Дэлхийн хөл бөмбөгийн бэлгэ тэмдэг, “Манчестер Юнайтед” клубийн хагас хамгаалагч асан Д.Бекхэм Английн шигшээг 115 удаа төлөөлөн дөрвөн орны лигийн аварга болсон юм.


Тэрбээр 2003 онд Британийн эзэнт гүрний одонгоор шагнуулсан бөгөөд түүнээс хойш нийгмийн сайн сайхны төлөө үйл хэргээ улам өргөжүүлжээ. Д.Бекхэм НҮБ-ын Хүүхдийн сангийн элч төлөөлөгчөөр 2005 оноос хойш, Хааны сангийн элчин сайдаар өнгөрсөн оноос ажиллаж байна.


Британийн домогт “The Who” рок хамтлагийн үүсгэн байгуулагч, гоцлол дуучин 81 настай Р.Долтригийн буяны үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлжээ. Тэрбээр 2000 оноос хойш "Өсвөр насны хүүхдүүдийн хорт хавдартай тэмцэх нийгэмлэг"-ийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа ажээ. 1964 онд Лондонд байгуулсан “The Who” хамтлаг 1990 онд Рок-н Роллын алдрын танхимд нэрээ мөнхөлжээ. 


Харин “Харри Поттер” цуврал кинонд загалмайлсан эцэг Сириус Блэкийн дүрд тоглосон 67 настай Г.Олдмен драмын урлагт оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн энэхүү цолыг хүртжээ. Холливүүдийн од тэрбээр 2018 онд “Darkest Hour” кинонд бүтээсэн Уинстон Черчиллийн дүрээрээ “Оскар”-ын шагнал хүртсэн билээ.

相关新闻