Татварын орлогыг 1.1 их наяд төгрөгөөр давуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын байгууллага улс, орон нутгийн төсөвт өнгөрсөн онд 8.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс оны эцсийн санхүүгийн тайлангийн гүйцэтгэлээр 9.3 их наяд төгрөг төвлөрүүлж, 1.1 их наяд төгрөгөөр давуулжээ.
Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга Б.Заяабал татварын байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн нээлт дээр 2023 онд төсөвт 10.1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлнэ хэмээн мэдээллээ.
Энэ өдрүүдэд улсад хамгийн
их татвар төлсөн ААН-үүдийг зарладаг. Үүнд эхний 10-д:
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
1.216.2 тэрбум төгрөгийн татвар төлөн тэргүүлж байна.
- Удаалаад “Эрдэнэс Тавантолгой”
ХК 990.1 тэрбум төгрөг,
- "Оюу толгой" ХХК 439.9 тэрбум
төгрөгөөр,
- “Энержи ресурс” ХХК 289.3
тэрбум төгрөг,
- “Тавантолгой” ХК 261.6
тэрбум төгрөгөөр,
- АПУ ХК 212.1 тэрбум
төгрөг,
- ХААН банк 197.4 тэрбум
төгрөг,
- Голомт банк ХХК 137.4
тэрбум төгрөг,
- “Си Өү Эй Эл” ХХК 104.0
тэрбум төгрөгөөр,
- “Цайрт минерал” ХХК 98.6
тэрбум төгрөгийн татвар төлжээ.
Энэ нь өнгөрсөн оны тоон мэдээллийн гүйцэтгэл юм. Үүнээс харахад уул уурхайн олборлолт, боловсруулах үйлдвэрлэл, санхүүгийн болон даатгалын салбарын компани, ААН хамгийн их татвар төвлөрүүлжээ.
Монголын татварын байгууллага гадаад, дотоод үйл ажиллагааг 100 хувь бүрэн цахимд шилжүүлээд байна. Энэ жилийн “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг "Цахимаар үйлчлүүлье” уриан дор тэмдэглэж буйг ТЕГ-ын дарга Б.Заяабал тодотголоо. Татвар төлөгч нь татварын албанд биеэр ирэхгүйгээр цахимаар бүх үйлчилгээ, мэдээллээ бүрэн авах боломжтой болсон. “Татварт таньдаг хүн байна уу?” гэдэг үе өнгөрсөн гэдгийг тэрбээр онцоллоо.
Монголын татварын албанд нийт 2.3 сая иргэн бүртгэлтэй байна. Тэдэнд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ээр талархлын хуудас илгээж байна.
-Оны эхний улиралд 3.2 их
наяд төгрөгийг НӨАТ-аар бүрдүүлжээ. Үүний хэчнээн хувь нь НӨАТ-ын орлогоос
бүрдэв?
-Оны эхний 4 сарын орлогын гүйцэтгэлийн мэдээллээр, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 1.5 их наяд орчим төгрөгөөр давсан. Төсвийн орлогын төлөвлөгөө болон гүйцэтгэл мөн 1 их наяд орчим төгрөгөөр давсан. Энэ нь уул уурхайн салбарын сэргэлт, экспортын хэмжээтэй шууд холбоотой байгаа.
НӨАТ-ын орлогын хувьд олон улсад нийт төсвийн орлогын 30-35 хувийг эзэлдэг. Европын холбооны хувьд 33-34 хувьтай байдаг. Манай улсын хувьд нийт төсвийн орлогын 24-27 хувийг НӨАТ-ын орлогоор бүрдүүлдэг. Өнгөрсөн онд 1.7 их наяд төгрөгийг зөвхөн НӨАТ-ын орлогоор бүрдүүлсэн. Хоёр хувийн буцаан олголтод өнгөрсөн онд жилд 257 тэрбум орчим төгрөгийг олгосон. Хонжвор, сугалаанд 10 тэрбум орчим төгрөгийг, ингээд нийт 270 тэрбум төгрөгийг олгосон.
-"Оюутолгой" ХХК-ийн төлөлт нийт татвар, хураамж, төлбөрийн хэдэн хувийг эзэлж байна?
-Өнгөрсөн онд татварын албанд төлсөн нь 440 тэрбум төгрөг байгаа. Энэ бол зөвхөн татварын байгууллагад төлсөн нь. Нийт татварын орлогын 5 орчим хувьтай дүйцэхүйц хэмжээнд байгаа.