СҮХБААТАР: Үзлэгт хамрагдсан иргэдийн 65 хувьд нь өвчлөл илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. “Эрүүл Сүхбаатарынхан” төслийн хүрээнд Баяндэлгэр сумын, эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулсан. Тэгвэл тус үзлэгт нийт 184 иргэн хамрагдсанаас 65 хувьд нь халдварт бус өвчлөл илэрсэн байна. Орон нутгийн иргэдийн дунд хоол
боловсруулах замын болон цусны даралт ихсэх өвчин элбэг байгааг нарийн
мэргэжлийн эмч нар хэлж байна.
Тодруулбал, дотрын
эмчийн үзлэгээр ходоодны архаг үрэвсэл 46, нойр булчирхайн архаг үрэвсэл
зургаа, цөсний чулуу
найм, бөөрний архаг үрэвсэл 10, цусны даралт ихсэх өвчин 22 бүртгэгдсэн бөгөөд цусны даралт ихсэх өвчний найм нь шинэ тохиолдол байна.
Эхогийн үзлэгээр элэгний хавдрын сэжигтэй
тохиолдол нэг, хөхний хоргүй хавдар нэгийг илрүүлж, дараагийн шатлалын эмнэлэг
рүү 15 иргэнийг шилжүүлжээ. Энэ
бол явуулын үзлэг, "Эрүүл Сүхбаатарынхан" төслийн зорилго болоод үр дүн. Нэг,
хоёрдугаар шатлалтын эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай иргэдэд эмчилгээг зааж,
зохих зөвлөгөөг өгсөн байна. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ Онгон суманд үргэлжилж байна.