Монгол, Унгарын худалдаа, хамтын ажиллагаа уул уурхайн бус экспорт дээр түшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-24 10:42:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Унгар улсын худалдаа, хамтын ажиллагаа жилээс жилд идэвхжиж, хоёр орны хоорондох худалдааны эргэлт 13 сая ам.долларт хүрч байна. Энэ талаар өнгөрсөн 7 хоногт болсон Монгол, Унгарын цахим бизнес уулзалт дээр мэдээлэв. Хоёр орны хоорондох бизнес харилцааны боломж уул уурхайн бус экспорт дээр түшиглэх талаар бизнес уулзалтад оролцогч нар санал нэг байгаагаа илэрхийлэв.

Монгол, Унгарын өнөөгийн хамтын ажиллагаа уламжлалт харилцаан дээр түшиглэн хөгжиж байна. Энд социализмын үед Унгар улсын тусламжаар байгуулсан Биокомбинатын үйл ажиллагааг сэргээн шинэчлэх төсөл, жил бүр 200 монгол оюутныг Унгарт сургаж буй тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр үргэлжилж буйг уулзалт дээр онцоллоо. Цахим уулзалтад нийт Монгол, Унгарын 40 гаруй компани оролцож, хамтын ажиллагааны тухай санал солилцов.


Ташрамд мэдээлэхэд, Монгол, Унгар улс хооронд 1950 оны 4 дүгээр сарын 28-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон юм. Монгол, Унгарын Засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулаад байна.  

相关新闻