АНУ-ын эрчим хүчнийхэн үнэ тарифын аргачлалыг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Эрчим хүчний зохицуулах байгууллагуудын Үндэсний холбоо (NARUC)-ны мэргэжилтнүүд манай улсад ажиллаж байна. Америкийн төлөөлөгч нар өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороонд хамтран ажиллах, туршлага хуваалцах уулзалт зохион байгууллаа.
NARUC-ын төлөөлөгчид эрчим хүчний зах зээлийн загвар, цахилгаан, дулааны үнийн аргачлал, шугам сүлжээний шинэчлэл гэсэн 3 сэдвийг хөндөн Хойд Америкийн болон Висконс муж, Хавайн цахилгаан шугам сүлжээний жишээн дээр танилцууллаа.
Эрчим хүчний салбарт
бөөний, зах зээлийн, шууд гэрээт гэсэн загвар үйлчилдэг байна. Эдгээрээс тухайн
улс өөрийн онцлогтоо таарч тохирсон загварыг сонгон хэрэгжүүлдэг. Манай
улсад нэг худалдан авагчтай загварыг 20 жил хэрэгжүүлж буйг ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун
танилцуулав. Тэрбээр, “Энэ загвар нь манай улсын эрчим хүчний салбарын өнөөгийн
бүтэц, нөхцөл байдалд хамгийн тохирсон нь гэж үзэн сонгоод явж байна. Харин энэ
загварыг сайжруулж боловсронгуй болгох шаардлага бол байгаа” хэмээн хэлж байна.
АНУ-ын төлөөлөгч Эмилия Багирова цахилгаан, дулааны үнийг тогтоож буй аргачлалын талаар хэлэхдээ, энд цахилгаан эрчим хүч ихээр хэрэглэдэг нөхцөлд их төлөх, бага нөхцөлд тэр хэмжээгээр ялгавартай хандах, хэрэглэгчдэд зориулсан олон шатлалаар үйлчлэх хувилбар бийг танилцуулав.
Ухаалаг сүлжээний гүйцэтгэлийг хянаж шинжлэх нь цахилгаан шугам сүлжээг шинэчилж, хөрөнгө оруулалт татах ажлын амин чухал хэсэг болдгийг NARUC-ын зөвлөх мэргэжилтэн Эрик Каллисто онцолж байв.
Уулзалтаар шугам сүлжээний шинэчлэлийн талаар Монгол, Америкийн тал санал солилцож ухаалаг сүлжээг бий болгох, хөрөнгө оруулалтын тал дээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. Монгол Улсад хэрэглэгч нарт хүрч буй хангах хэсэг дээр төлбөрөө хялбар аргаар, хүндрэл учруулахгүй байдлаар хийх, иргэд, ААН хэрэглээгээ өөрөө хянах ухаалаг систем нэвтрүүлэх шаардлагатай байгааг манай мэргэжилтнүүд илэрхийлж байв. Энэ ажлыг Дархан-Уул аймаг, нийслэл хотоос эхлүүлж буйг танилуцууллаа. Ухаалаг сүлжээний гүйцэтгэлийг хянаж шинжлэх нь цахилгаан шугам сүлжээг шинэчилж, хөрөнгө оруулалт татах ажлын амин чухал хэсэг болдгийг NARUC-ын зөвлөх мэргэжилтэн Эрик Каллисто онцолж байв.
Тодруулга: Америкийн 50 мужид эрчим хүчний зохицуулах байгууллага тус тусдаа ажилладаг, тэдгээрийг АНУ-ын Эрчим хүчний зохицуулах байгууллагуудын Үндэсний холбоо (NARUC) нь нэгтгэдэг байна. АНУ-д эрчим хүчний салбарын үйл ажиллагаа болон үнэ тариф нь төрийн зохицуулалтаар явдаг аж.
Гэрэл зургуудыг Н.Батбаяр