Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилтнуудыг сонгон шалгаруулалтаар авч ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-12-23 11:02:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэртэй холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийх үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой үйл ажиллагааг танилцууллаа.


Тэрбээр мэдээллийнхээ өмнө дээрх компанийн гүйцэтгэх захирлыг саяхан, хоёр 7 хоногийн өмнө томилоод буйг товч дурдаж, үүнтэй холбоотойгоор тус компани цаашдаа цэвэр менежментийн компани болох ёстойг хэлж, энэ үүрэг чиглэлийн дагуу бүтцээ баталсан учраас энд ажилчдын нээлттэй сонгон шалгаруулалт явагдана гэлээ.


“Эрдэнэс Монгол” ХХК байгуулагдаад 15 орчим жил болж буй хэдий ч өнөөдрийг хүртэл үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэх нөхцөл боломжоо бүрдүүлж ирж чадаагүйг тэрбээр тодотгов. Тус компани өнгөрсөн хугацаанд цэвэр менежментийн компани болж, зохион байгуулагдан гадаад, дотоодод хөрөнгө босгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хангах, төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллах ёстой байсан. Үүнийг Засгийн газрын өнгөрсөн 7 хоногийн хуралдаанаар хэлэлцэн дүгнэсэн гэв.




Цаашдаа “Эрдэнэс Монгол” ХХК нь “Эрдэнэт”, “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг Монгол Улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмрээ оруулах дээрх компаниудын удирдлага, менежментийг оновчтой болгох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татан төвлөрүүлэх, ард иргэдэд хөгжин дэвжих тэр боломжийг олгон бүрдүүлэх, цаашид Монгол Улсын баялгийн болон хөгжлийн санг бий болгох чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон компани байх юм гэв.



Мөн тус компанийн бүтцийг шинэчилж, 88 орон тоонд сонгон шалгаруулалт зарлах гэж буйг мэдээллээ. "Эрдэнэс Монгол” ХХК нь 89 орон тоотой, 7 газар, 7 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Томилогдоод буй гүйцэтгэх захирлыг оролцуулахгүйгээр 88 орон тоонд сонгон шалгаруулалт хийх шийдвэр гарсан. Ур чадвартай мэргэжилтэнтэй, цалин хангамжийн хувьд Монголдоо топ компани байх учиртай гэв.


Цаашлаад Эрдэнэс Монгол ХХК-ийн 30 гаруй охин компанийн бүтцийг ийм зарчмаар ирэх оны эхний хагас жилд зохион байгуулна. Төрийн өмчийн компаниудад улс төрийн намын болон танил талын хүнээ ажилд оруулах буюу "шахааг" зогсоох ажлыг хийнэ гэдгээ Засгийн газрын ХЭГ-ын дарга мэдэгдлээ.

相关新闻