Хөрөнгийн бирж IPO-гийн мэргэжлийн байгууллагуудыг сонгохоор хувьчлалынхаа бэлтгэлд оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-03 12:26:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ санхүүгийн салбарын энэ оны III улирлын тойм мэдээллийг танилцуулав. Үүгээр тус хорооны зохицуулалтад хамрагддаг хөрөнгийн зах зээл, даатгал, ББСБ, хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгө өнгөрсөн хугацаанд ДНБ-ийн 20.7 хувьд хүрчээ.


Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.4 пунктээр буурсан үзүүлэлт болж байна. Үүнд хөрөнгийн зах зээлийн 11.1 болон ББСБ-ын салбарын 7.9 хувийн ДНБ-д харьцуулсан үнэлгээ голлон нөлөөлжээ.


Мэдээллийн үеэр Монголын Хөрөнгийн биржийг хувьчлах тов гарсантай холбогдуулан СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөнөөс тодруулахад, үнэт цаас гаргах буюу IPO хийх зөвшөөрлийг СЗХ-ны хуралдаанаар шийдвэрлэдэг. Төрийн өмчит компаниудыг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлахаар шийдвэрлэснээр энд Монголын Хөрөнгийн биржийг өөрийг нь оруулаад нийт 25 компани хамрагдах жагсаалтыг гаргаад байгаа. Үүнээс Монголын Хөрөнгийн бирж ТӨХК энэ онд багтаан олон нийтэд хувьцаагаа санал болгон арилжих, IPO хийх үүргийг хүлээгээд байна хэмээн тодотголоо.


Үүнтэй холбогдуулан Монголын Хөрөнгийн биржээс хувьцаа гаргахад шаардлагатай хөндлөнгийн мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулахтай холбоотой бэлтгэл ажлыг хийж байгаа аж.


СЗХ нь хөрөнгийн зах зээлийн томоохон дэд бүтцийн байгууллага, мөн өөрийн зохицуулалттай этгээд гэдгээр Монголын Хөрөнгийн биржид зөвлөгөө чиглэл өгөн хамтарч ажиллаж байна. Яг одоогоор Хөрөнгийн биржээс үнэт цаас гаргах албан ёсны хүсэлтээ СЗХ-нд хараахан ирүүлээгүй байна гэв.


Арилжааны банкуудын хувьчлалын талаар СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн мэдээлэхдээ, одоогоор “Голомт” болон ХААН банкны IPO хийх нь хүлээгдэж байна. Бүрдүүлэх материалууд өгсөн, нэмэлт шаардлагатай материал дутуу байгаа гэв. “Бидний тооцоолсноор шаардагдах материалаа бүрэн ирүүлвэл энэ ондоо багтаан банкууд IPO-гоо хийж, ойролцоогоор 90 тэрбум төгрөгийг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтээс анхдагч зах зээлээс татан төвлөрүүлэх боломжтой байгаа”-г тэрбээр дуулгав.



Финтекийн зээл буюу технологид суурилан аппликэйшнээр дамжуулан ББСБ-аас олгож буй зээлийн үлдэгдэл энэ оны III улирлын байдлаар 346.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. 


Нийт зээлийн 82 хувийг финтек компаниуд олгож, тэдгээрт зээлийн үлдэгдлийн 13 хувь нь ногдож байна.



Дижитал үйлчилгээгээр үзүүлэх зээлийн харьцаа болон эзэлж буй хувь, мөн аппликейшнээр авсан зээлийн эргэн төлөлт ямар байгаа талаарх асуултад СЗХ-ны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын арга Б.Долгорсүрэн, “Үүрэн
утас ашиглан зээл олгох үйл ажиллагаа явуулдаг 36 аппликэйшн бий. Иргэдэд хэрэглээний зээл олгож буй финтекийн эдгээр компаниудад СЗХ-ноос кибер аюулгүй байдлын дүгнэлт хийлгэж, хариуг 12 дугаар сарын 31-ний дотор явуулах үүрэг өгсөн. Мөн ирэх оныг хүртэл шинэ аппликэйшн бүртгэхгүй” гэсэн хариу өгөв.


Тайлант хугацаанд дээрх 36 компани нийт 346 тэрбум төгрөгийн зээлийг 1.4 сая хүнд олгожээ. Ингэснээр нэг зээлдэгчид ногдох зээлийн дундаж хэмжээ 237 мянган төгрөг байна. Харин банкуудаас авсан зээлдэгчдийн зээлийн дундаж хэмжээ 1.6 сая төгрөг байгаа аж.


СЗХ-ноос финтекийн компаниудад 70/30 хувийн өр, орлогын харьцаа үзүүлэлтийн дагуу зээл олгох үүрэг өгсөн. Энэ шийдвэр ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Компаниуд програм хангамждаа өөрчлөлт оруулах бэлтгэлийг хангах тул шийдвэрийг ирэх оноос хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр ББСБ-аас олгох финтек зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөр нь зээлдэгчийн нэг сарын татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй байх ёстой гэв.


Гэрэл зургийг Н.Батбаяр 

相关新闻