ДУНДГОВЬ: Сурагчдын үдийн хоолны чанарыг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-20 16:37:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Японы Олон улсын хамтын ажиллагааны /ЖАЙКА/ байгууллагын “Үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн баг Дундговь аймагт ажиллав.

2 үе шаттайгаар хэрэгжих тус төсөл Сайнцагаан сумын Говийн ирээдүй цогцолбор сургууль, Мандал сургуульд хэрэгжих бөгөөд сурагчдын үдийн хоолны чанарыг сайжруулан, эрүүл мэндийг дэмжих зорилготой.

Төслийн нэгдүгээр шатанд Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цай, үдийн хоолны хөтөлбөрийн хэрэгжилт, амт, чанар, гал тогооны хүчин чадал зэрэгт судалгаа хийж, удахгүй сурагчдын онцлогт тохирсон шим тэжээлтэй хоол хүнсийг бэлтгэн нийлүүлэх ажлыг зохион байгуулах ажээ.

Төслийн багийн гишүүд төслийн зорилтот 2 сургууль дээр ажиллаж, аймгийн Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцсон байна.

Төслийн багийн зүгээс “энэхүү төсөл нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр орон нутагт хэрэгжиж буй анхны төсөл” болж байгааг онцлон, сурагчдын хоолны чанарыг сайжруулахад өндөр ач холбогдол өгч ажиллаж байгааг дурдсан бол орон нутгийн удирдлагуудын зүгээс Япон улсын хоол тэжээлийн стандарт технологийг Дундговь аймагт нэвтрүүлж, сурагчдын эрүүл мэндийг анхаарч байгаад талархал дэвшүүлж, төслийг хэрэгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлжээ.

相关新闻