ДУНДГОВЬ: Цэвэрлэх байгууламжийг улсын комисс хүлээн авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын 7-р багт Азийн хөгжлийн банкны 8,875 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2020 оноос барьж эхэлсэн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд “Дундговь аймгийн Мандалговь хотын төвийн цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээ”-ний барилга угсралтын ажлыг "Сайн констракшн" ХХК, "Сан констракшн" ХХК-тай хамтран ийнхүү амжилттай гүйцэтгэжээ.
Төслийн хүрээнд хоногт 3000 м3 хүчин чадал бүхий байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор цэвэрлэсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах нөхцөл бүрдэж байна.
Хуучин (одоо ашиглаж буй) цэвэрлэх байгууламж нь хотын төвийн урд хэсэгт байрладаг учраас урин дулааны цагт бохир үнэртдэг байсан бол шинээр ашиглалтад орж буй байгууламж нь хотын төвөөс урагш 2 км-т байрлаж байна.
Энэхүү төслийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол нь аймийн төвийн хуучин, механик цэвэрлэх байгууламжаас гарч байсан бохир усыг цөөрөмд хаяж агаарт, хөрсөнд шингээж байсан бол шинээр баригдсан цэвэрлэх байгууламжаас гарах бохир ус нь хүрээлэн буй орчин, усны чанар, хаягдал усны стандартыг хангаж, цэвэрлэсэн усыг ашиглан цэвэрлэгээ, ногоон байгууламжид ашиглах, лагийг боловсруулж, бордоо болгон ашиглах бүрэн боломжтой ажээ.