Аймгийн ЗДТГ дэргэдээ хүүхдийн өрөө байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ хүүхэд хамгааллыг дэмжих ажлын хүрээнд дэргэдээ хүүхдийн өрөө байгуулж, ашиглалтад орууллаа. Тус байгууллага нийт 54 ажилтан, албан хаагчтай. Тэдний 18-аас доош насны 104 хүүхэд бий. Хүүхдийн өрөөтэй болсноор эдгээр хүүхдүүдийг учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл албан
хаагчид бага насны хүүхдээ айлд, эсвэл гэрт нь хараа хяналтгүй орхих биш дэргэдээ
зориулалтын өрөөнд, аюулгүй орчинд байлгах боломж бүрдэж байгаа юм. Өрөөг бага насны хүүхдэд зориулан тохижуулсан бөгөөд
ном, тоглоомын булан байгуулжээ. Цаашид нэмэлтээр тохижуулах ажлууд хийх
аж.
Монгол Улсын
Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлиг, Монгол Улсын Ерөнхий сайдаар
ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор албан байгууллагуудыг дэргэдээ
хүүхдийн өрөөтэй байхыг үүрэг болгосон байдаг.
Хэдхэн хоногийн өмнө тус аймагт гэртээ ганцаараа байсан бага насны хүүхэд золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.