Орон нутагтаа нэрийн дэлгүүрээ нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт 16 жил тасралтгүй
үйл ажиллагаа явуулж буй "Дарьт шүтээн" ХХК орон нутагтаа анхны нэрийн
дэлгүүрээ нээв. Сүү, сүүн, гурилан, мах, махан
бүтээгдэхүүн, өндөг зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн
үнээр, нэг дороос худалдан авах боломжийг орон нутгийн хэрэглэгчдэдээ олгожээ.
Тус компани сүүлийн жилүүдэд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ илүү өргөжүүлж, тэмээнээс бусад бүх төрлийн малын махыг бэлтгэн хэрэглэгчдэд нийлүүлэхээс гадна уламжлалт аргаар арилгаж бэлтгэсэн гэдэс, хуйхалсан толгой шийр, шарж болгоход бэлэн болгосон элэг, сүүл, бүх төрлийн хоолны зориулалтаар бэлтгэсэн махыг худалдаж байгаа. Энэ нь иргэд, хэрэглэгчдийн ажлыг хөнгөвчлөх, цаг завыг хэмнэсэн илүү дэвшилтэт бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог хэмээн тэд тайлбарлаж байна.
"Дарьт шүтээн" ХХК-ийн Баян тал
махны үйлдвэр нь Улаанбаатар хотод мөн нэрийн дэлгүүрээ нээсэн бөгөөд бүх
аймаг, сумд руу түгээлтийг хийж зөвхөн аймагтаа төдийгүй улсын хэмжээнд үйл
ажиллагаа, бүтээгдэхүүн нь танил болоод буй.