Малын эмч нарын зөвлөгөөн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн малын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн
зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнөөр салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч
хэрэгжүүлэх ажил болоод нэн тэргүүнд мал, амьтны гоц халдварт шүлхий
өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
4 дүгээр сарын 6-ны
байдлаар тус аймгийн зургаан сумын есөн голомтод 22 өрхийн 99 толгой мал
шүлхий өвчинтэй байснаас 91 малын шинж тэмдэг арилж, найман үхэр өвчтэй байгаа
тухай аймгийн МЭГ-аас мэдээлэл хийлээ. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж байгаа аж.
Хоёр дахь өдрөө
үргэлжилж буй зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар, МЭЕГ-ын
даргаар ахлуулсан ажлын баг, аймгийн МЭГ, 13 сумын мал эмнэлгийн тасаг, мал
эмнэлгийн үйлчилгээний 56 нэгжийн нийт 110 гаруй эмч, ажилтнууд оролцож байна. Сүхбаатар
аймгийн эдийн засгийн гол хөшүүрэг бол мал аж ахуй. Тийм ч учраас салбарт
тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бодлогоор дэмжих ажлууд аймгийн Засаг даргын
үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, хэрэгжиж эхэлснийг онцолж байлаа. Өнгөрсөн
онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ариутгалын пунктын барилгыг шинээр барьж
ашиглалтад оруулсан. Шаардагдах техник, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар олгоно
гэдгийг хэлж байсан юм.