MASAM II төслийн оролцооны баг эрүүл мэндийн үйлчилгээний асуудлыг тодорхойлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. "Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог
нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" MASAM II төсөл Дундговь
аймагт орон нутгийн ТББ-ын санаачилсан үйл ажиллагаагаар үргэлжилж байна.
MASAM II төсөл нь Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх
хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн салбарт төрийн хөрөнгө санхүүг
зохистой зарцуулж, төрөөс үзүүлж буй үйлчилгээ болон төсвийн хөрөнгө оруулалтын
үр дүнг нэмэгдүүлэх зорилготой. Төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн
эгэх хариуцлагын дэлхийн түншлэл санхүүжүүлж, Дэлхийн банк хэрэгжүүлэгч
байгууллагаар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, Хүүхдийг ивээх сан,
Глоб интернэшнл төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлэгчээр тус тус ажиллаж
байгаа.
MASAM II төслийн хүрээнд тус аймагт “Өлзийт мандал өрхийн
ЭМТ-ийн нийгмийн эгэх хариуцлага, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах”
дэд төслийг хэрэгжүүлж байгаа ба энэхүү үйл ажиллагааны хүрээнд Оролцооны баг
байгуулан чадавхжуулж байгаа юм.
Чадавхжуулах сургалтаар Өрхийн ЭМТ-ийн ажилтнууд,
Оролцооны багийн гишүүдэд Монгол Улсын төсөв, төсвийн үйл ажиллагаанд иргэдийг оролцуулах, төсвийн ил тод байдлыг
хангах болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг
сайжруулахад иргэдийн оролцоог хангах сэдвүүдээр мэдлэг олгож байгаа бөгөөд
оролцогчид тус өрхийн ЭМТ-ийн төсөв, төсвийн хөрөнгө оруулалтыг хэрхэн
нэмэгдүүлж, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлыг
хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байна.
Оролцооны багийн гишүүд тус ЭМТ-өөс иргэд эрүүл мэндийн
тусламж үйлчилгээ авахад ямар бэрхшээл, асуудлууд тулгамдаж байгаа талаар 290
иргэнээс судалгаа авч, эдгээр асуудлын шалтгаан, үр дагавар хийгээд шийдвэрлэх
арга замыг тодорхойллоо.
Иргэдийн зүгээс үйлчилгээ авахад өрөө байрны хүрэлцээ
муу, ачаалал маш их, олон янзын өвчтэй хүмүүс давчуу байранд дугаарладаг учраас
халдвар авах магадлал өндөр, эмч нар ойр ойрхон солигддог, эмч, сувилагч нарын
ачаалал их учраас хүрэлцээ муутай, нэг өрөөнд олон үйлчилгээ зэрэг явагддаг,
хувцас солих өрөөгүй, нярай, ахмад настан, ХБИ-ийн гэрийн эргэлт тогтмол
хийдэггүй, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу зэрэг асуудлуудыг гаргаж иржээ.
Оролцооны багийн гишүүд иргэдийн оролцоотойгоор дээрх
асуудлуудыг шийдвэрлэх нөлөөллийн төлөвлөгөө боловсруулж, гарц хайн хөрөнгө
оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа ажээ.









