"Цаг агаар ба уур амьсгал" сэдэвт илтгэлийн уралдаан зарлаж, дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-28 10:33:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь УЦУОШТ-өөс инженер, техникийн ажилчдынхаа дунд "Цаг агаар ба уур амьсгал" сэдэвт илтгэлийн уралдаан зарлаж, дүгнэлээ.

"Хүний хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд тус төв 3 дугаар сарыг “Судалгаа шинжилгээний сар” болгон зарлаж, илтгэлийн уралдаан зарласнаар инженер, техникийн ажилчид "5 хоногийн прогнозыг сайжруулах нь", “Дундговь аймгийн шороон шуурганы судалгаа”,  “Дундговь аймгийн хөрсний хэв шинж",  "Дундговь аймагт их хур тунадас орох аэросиноптик нөхцөл", "Мандалговь хотын агаарын бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл" зэрэг илтгэлүүдийг ирүүлж, хэлэлцүүлсэн байна.

Шилдэг илтгэлээр Байгаль орчны шинжилгээний лабораторийн инженер Э.Буяндэлгэрийн "Дундговь аймгийн хөрсний хэв шинж" илтгэл шалгарч, урьдчилан мэдээлэхийн технологич инженер Ө.Нандинсүрэнгийн "Дундговь аймагт их хур тунадас орох аэросиноптик нөхцөл" илтгэл удаалжээ. 

Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн хилийн тойрог 1230 км, нутгийн баруун цэг Гучингийн худгаас зүүн цэг Хөх дэл хүртэл 425 км, хойд цэг Ус хар толгойгоос урд цэг Өвөр цагаан дэрс хүртэл 283 км. Нийт газар нутаг нь тал хээр говийн бүсэд багтдаг. Тэгш тал газрын хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 1530 м, хамгийн нам нь 980 м, хамгийн өндөр Дэлгэрхангайн уул далайн түвшнээс дээш 1913 м өндөр өргөгджээ.

Тус аймгийн нутагт уулын хөрс (хар хүрэн, хүрэн, цайвар хүрэн) маш бага хувийг эзэлж Адаацагийн хойд тал, Бага газрын чулуу, Угтаалын уул, Их газрын чулуу орчимд тархсан байдаг бол нутгийн төв, хойд хэсгээр ухаа толгод нам уулсын (хүрэн, цайвар хүрэн, цөлөрхөг хээрийн бор, хээржүү цөлийн бор) хөрс, нутгийн төв, өмнөд хэсгээр тал хөндийн (цөлөрхөг хээрийн 20 төрлийн хөрс) хөрс тархсан байдаг аж.

Дундговь аймаг уур амьсгалын хувьд  гурван мужид хуваагддаг. Хуурай, сэрүүн, уулын хээрийн мужид Эрдэнэдалайн хойд хэсэг, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэнгийн хойд хэсэг хамаардаг бол нэн хуурай дулаавтар, цөлөрхөг хээрийн мужид Дэлгэрхангай, Хулд, Луус, Гурвансайхан, Өндөршил сумын хойд хэсэг, Сайхан-Овоо, Сайнцагаан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан сумдын нутаг харъяалагддаг. Харин нэн хуурай дулаан, цөлөрхөг хээрийн мужид Дэлгэрхангай, Хулд, Гурвансайхан сумдын урд хэсэг, Өлзийт сумын нутаг ордог юм.

Агаарын температурын дундаж хэмжээ өвлийн сард – 16 хэмээс -19 хэм, зуны сард +17 хэмээс +21 хэм, жилд орох хур тундасны хэмжээ 95-150 мм байдаг ажээ. 



相关新闻