Хөргийн хөндийн хүн чулуу
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км зайд Хөргийн хөндий хэмээх хойноос урагш чиглэлтэй нарийн хөндийн дунд хүн чулуун хөшөөд бий. Нутгийн ардууд энэ хөндийг уг хөшөө чулуудаар нь онцлон Хөргийн хөндий хэмээн нэрлэсэн байна. Энд байх хөрөг XIII-XIV зууны монголчуудад хамаарах зүйл болох нь тодорхойлогдсон байдаг.
Хөргүүдийн дүрслэлийн хамгийн нийтлэг зүйл нь бүгдийг ямар нэгэн юм сандайлан сууж байгаа байдлаар дүрсэлсэн явдал бөгөөд энэ нь Түрэгийн хүн чулуунаас ялгарах гол онцлог нь болдог. Өөр нэг нийтлэг зүйл гэвэл ихэнх хөргийг Дорнод Монголын XIII-XIV зууны хөрөг чулуунд түгээмэл дүрсэлдэг бөмбөгөр оройтой, оройдоо сампинтай, зузаан хүрээтэй болон хүрээгүй малгайтай хийсэн, мөн зарим хөрөгт дундад эртний монголчуудын "шибилгэр" хэмээх багцалж боосон гэзгийг дүрсэлсэн байна.
Хөргийн Хөндийн хүн чулуудын бусдаас ялгарах хамгийн онцлог шинж нь ихэнх хөргийг малгай, гуталтай атал биедээ хувцасгүй нүцгэнээр дүрсэлж, цээжинд нь товгор хөх гаргахын сацуу эр хүний хүйсийн тэмдэг дүрсэлж сийлсэн явдал юм. Эдгээр нь бүгд баруун гартаа урт иштэй хундага хэлбэрийн сав барьсан нь мөн л Дорнод Монголын бусад хөрөгтэй ижил төстэй. Бүгдийг чулуу овоолж хийсэн дүгрэг чулуун овоолгын дээр наран ургах зүг хандуулан байрлуулсан байдаг.