Шинээр хэрэгжиж буй төслийг нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-03-17 15:35:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулсан ажлын баг тус аймагт энэ сарын 15, 16-ны өдөр ажиллалаа. “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежементийг боловсронгуй болгох нь” төслийг орон нутагт нээж, аймгийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүст төслийн талаар танилцуулга, мэдээллийг хийсэн байна.

Улмаар талууд төслийн хэрэгжилтийн уялдааг хангах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлд санал солилцож, цаашид орон нутгийн уур амсгалын өөрчлөлт, байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллахаар болов. Мөн төслийг амжилттай хэрэгжүүлж, үр шимийг нь хүртэхэд онцгой анхаарч ажиллахаа аймгийн Засаг дарга М.Идэрбат илэрхийлжээ.


Уг төсөл нь Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр, БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран 2021-2028 онд Сүхбаатар, Дорнод, Завхан, Ховд  аймагт хэрэгжиж буй юм. Төсөл үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Дөрвөн аймгийн 68 сумын хөгжлийн төлөвлөгөө, 2500 га газрыг ойжуулах, 88 булаг хамгаалах, 18 ус хураах байгууламж байгуулах, 285 худаг гаргах, сэргээн засварлах, 2890 га хадлан бэлчээрийн нөөц газар байгуулах, малын тэжээлийн 48 агуулахын барилга барих зэрэг ажлууд хийнэ. Үүнээс Сүхбаатар аймагт хүрэх үр дүнг тооцвол 300 га талбайд нөхөн сэргээлт, 300 га талбайд бэлчээр хамгаалах ажил хийх, өвс тэжээлийн агуулах ес, 20-оос доошгүй булаг хашиж хамгаалах, 70 гаруй худаг гаргах, сэргээх засварлах, дөрвөн ширхэг хөв барих, хуучин ашиглаж байсан услалтын системийг сэргээхээр төлөвлөсөн байна.

Ажлын багийнхан Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ аймгийн БОАЖГ, ЦУОШТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын зарим ажилтныг шагнаж урамшуулжээ. 

相关新闻