Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өрдүүдэд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Иймд, Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг нийт иргэддээ зөвлөж байна.
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг мөн зөвлөлөө.
Түүнээс гадна иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.