Ангус үүлдрийн бухаар сүргээ сайжруулснаар махны гарц 40-50 килограмаар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-03-09 19:59:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур орчны нөлөөнөөс үүдэн бэлчээр ус жилээс жилд хомсдож, энэ хэрээр малчид малынхаа тооноос илүү чанарт анхаарч үүлдэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн иргэд мал аж ахуй, фермер эрхлэх сонирхолтой болсон. Тэдний нэг бол Баруун-Урт сумын иргэн О.Дүүрэнбилэг юм. Тэрээр  2015 оноос үхрийн фермерийн аж ахуй эрхэлж байна. Ангус үүлдрийн бухаар сүргээ сайжруулснаар нэг үхрээс гарах махны гарц 40-50 килограммаар нэмэгдсэн байна.

Анх таван үхэртэй фермерийн аж ахуйгаа эхлүүлж байсан бол өдгөө 300 гаруй үхэртэй болжээ. Гэр бүл, дүү нарынхаа хамтаар аж ахуйгаа эрхэлдэг бөгөөд туслах малчинтайгаас гадна үхэр өвөл тэжээлд орох үед түр хугацаагаар 3-4 иргэнийг ажлын байаар хангадаг байна. Дөрвөн метрийн өндөр, 100 метрийн урт, 50 метрийн өргөнтэй дөрвөн хашаатай. Энэ нь тусгай технологийн дагуу баригдсан аж.

Яг тохирсон хашаа хороог нь бариад өгөхөөр өөрт тээр байхгүй, арчилгаа ч бага ордог. Үхэр сүргийнхээ үүлдрийг сайжруулахдаа Сүхбаатар аймгийн бэлчээр, цаг уурт тохирох үхрийг сонгосон. Ангус үхрийн хувьд монгол үхэрт тохирсон, тугал нь жижиг төрдөг, гарсан хойноо хурдан томордог, өлчир чийрэг учир бэлчээрээрээ онд ордог онцлогтой. Гэхдээ зах зээлийн эргэлтэд оруулах зорилгоор өвөлдөө тэжээл өгдөг. Гарсан төлийн тухайд бяруу амьдын жин 250, шүдлэн үхэр 400 кг татдаг. Үүний тавин хувь нь мах байдаг. Ингээд бодохоор хагас эрчимжсэн байдлаар цаашид аж ахуйгаа авч явж болох юм байна гэж төсөөлөгдөж байгаа. Хүмүүс ч ирж туршлага судална гээд үзэж хараад явдаг. Манай аймагт энэ чиглэлийн фермер дэлгэрэх шинжтэй байна гэж О.Дүүрэнбилэг ярилаа.

Тэрээр Монголын томоохон үхрийн аж ахуй, фермерээр явж туршлага судалдаг байна. 

相关新闻