Олон улсын эко сургууль цэцэрлэг хөтөлбөрөөс Хүрэл гэрэгэ хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Олон улсын эко сургууль
цэцэрлэг” хөтөлбөрт Баруун-Урт сумын Мандарваа цэцэрлэг хамрагдаж байгаа. Тус
хамт олон 2021 оны тайлангаа амжилттай хамгаалж, Хүрэл гэрэгэ шагналын болзлыг
хангажээ.
Манайх 2021 онд хөтөлбөрт
хамрагдсан. Сургалтад ихэвчлэн цахимаар оролцож байна. Анх хамрагдаж
эхэлснээсээ хойш эко клубийг цэцэрлэгтээ байгуулахаас эхлээд тогтвортой хөгжлийн
зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд маань үнэлэгдэж хүрэл гэрэгэний
болзлыг хангалаа. Одоо мөнгөн гэрэгэ болгохын төлөө бид ажиллаж байна. Энэ бол
манай аймагт анхдагч шагнал учир бид бусад цэцэрлэгээ ч бас уиалж, хөтөлбөрийнхөө
ажлыг танилцуулж байгаа. Одоогоор таван сум, Баруун-Уртын хоёр цэцэрлэг хөтөлбөрийн
сургалтад хамрагдах хүсэлтээ өгсөн байна. Хамгийн гол нь энэ хөтөлбөрийг
хэрэгжүүлснээр ногоон байгууламжаа нэмэгдүүлж, хайрлан хамгаалах, эрчим хүчээ
хэрхэн хэмнэх, хог хаягдлаа ангилан ялгах, ядуурлыг бууруулах чиглэлээр
зорилтот бүлгийн хүүхдүүдтэй хэрхэн хамтарч ажиллах, хувилбарт сургалтад
хүүхдүүдийг хамруулах зэргээр маш олон эерэг үр дүнгүүд манай цэцэрлэгт бий
болж байгаад баярлаж байгаа. Эдгээр дадлуудыг багш ажилчид, хүүхдүүд, эцэг
эхчүүд гээд бүгд дагаж мөрдөн, хэрэгжүүлж байгаа нь цаашлаад тухайн өрхийн
амьдралд ч эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэж байна гэж тус цэцэрлэгийн эрхлэгч М.Алтаннавч ярилаа.
Тэд 3 дугаар сарын
3,4-ний өдрүүдэд болсон "Эрүүл аюулгүй ногоон орчин бид хамтдаа өөрчилж чадна -2022" үндэсний чуулганы үеэр шагналаа гардан аваад иржээ.