Сэтгэлээ урладаг бүсгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-09 17:01:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сэтгэлээ урлаж, сумынхаа иргэдийг дулаан эсгий гутал, шаахайгаар ханган, нутаг усандаа хүндлэгдсэн бүсгүйг С.Цэцэгмаа гэдэг. Хэдийгээр түүнд ярианы бэрхшээл байдаг ч, амьдрал сайхан сэтгэл, авъяас, ур ухааныг харамгүй заяасан аж.

Ээжтэйгээ амьдардаг малчин бүсгүй өдгөө 51 настай. Сайхан-Овоо сумын иргэн. “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” Олон улсын өдрөөр тус суманд болсон “Бүсгүй хүний үнэ цэн” чуулга уулзалтын үеэр баялаг бүтээгч эмэгтэйчүүд өөрийн урласан, хийсэн бүтээгдэхүүнээ дэлгэн үзэсгэлэн гаргасан юм.

Тэр үеэр маш чанартай, өнгө үзэмж сайтай, загварлаг, том жижиг хэмжээтэй эсгий гутал, эсгий шаахай байхыг хараад “жинхэнэ мэргэжлийн хүн урлаж дээ” гэх бодол тээн үйлдвэрлэгч бүсгүйтэй очиж уулзсан юм.

Ярианы бэрхшээлтэй тэр бүсгүй өөрийнхөө хийсэн бүтээгдэхүүнийг тайлбарлаж чадахгүй байсан ч түүний ээж, хажууд байсан олон эмэгтэйчүүд хажуунаас нь тайлбарлаж, хүн бүр сэтгэлийн үгээ харамгүй хэлж байсан.

Өмсөхөд эвтэйхэн, өнгө үзэмж сайтай, сэмэрдэггүй, 3 жил өмсөхөд нимгэрдэггүй, хэлбэрээ алддаггүй, дулаахан гээд нутгийн нь эмэгтэйчүүд сайшаалын үгээ харамгүй хэлсэн нь түүний хийсэн бүтээгдэхүүний чанарыг таниулах шиг. Хоёр ч удаа “Аймгийн шилдэг” бүтээгдэхүүнээр шалгарчээ.

Эсгийгээр бүтээгдэхүүн хийх ямар нэг сургалтад хамрагдаж байгаагүй ч эгчийнхээ зааснаар эсгийгээ боловсруулж, чангаруулан, хэвэнд оруулж, бүгдийг уламжлалт аргаар хийдэг. Малаа маллахын хажуугаар монгол уламжлалаа хадгалсан бүтээгдэхүүн хийж, сум орон нутагтаа танигдан, талархлыг хүлээж байгаа энэ эмэгтэйн бүтээгдэхүүнийг өөр аймаг сум, гадаад орнуудаас ч захиалж авдаг ажээ.

Түүний ээж Д.Юмжирмаа тайлбарлаж хэлэхдээ “Миний охин сургалт, энэ тэрээр яваагүй ээ. Өөрөө маш хичээнгүй, үнэн сэтгэлээсээ, зурагтаар харсан зүйлээ дуурайгаад л хийчихдэг. Өнгө будаг оруулах, загвар гаргах гээд бүгдийг өөрөө л сурсан хүн байгаа юм. Манай суманд ер нь л аваагүй хүн байхгүй дээ” гэсэн юм. 

相关新闻