"Малчны нэг өдөр"-т 270 гаруй малчин оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-26 17:43:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд “Малчдын нэг өдөр” үйл ажиллагааг 2 дугаар сарын 25-27-нд зохион байгуулж байна.
Малчдад мэдээлэл өгөх, нийгмийн үйлчилгээ үзүүлэх, идэвхжүүлэх энэхүү өдөрлөгт тус сумын гурван багийн 270 гаруй малчин оролцож байгаа юм.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Энхсүх, аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дарга Д.Чандмань, Сургалт судалгааны хүрээлэн ТББ-ын сургагч багш нар болон холбогдох албаны бусад хүмүүс урилгаар оролцов.
Энэ үеэр Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Хоршооны эрх зүйн орчин, Хоршоо хөгжүүлэх сангийн журам, Иргэдийн оролцоо, Малчдын эрүүл мэнд зөв хооллолт сэдвүүдийн хүрээнд мэргэжлийн байгууллага, ТББ-ууд мэдээлэл өглөө.
Өдөрлөгийн үеэр малчдад зориулсан мэдээлэл бүхий "Өврийн ном" хэвлэн гаргасанд малчид ихээхэн талархан хүлээж авсан юм. 
Өдөрлөгийн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Малчдын хөгжлийн төв” байгуулахаар төлөвлөж байгааг онцлов. Тус төв ашиглалтад орсноор малчид харилцан туршлага солилцох, суралцах, малын үйлдвэр угсааг сайжруулах зэргээр мал аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болох аж.
Түүнчлэн Дундговь аймгийн хэмжээнд дэвшүүлсэн ноос ноолуурыг орон нутагтаа боловсруулдаг болох зорилтын хүрээнд таван суманд байгуулах иж бүрэн ноос хяргах цехийн нэгийг Дэлгэрцогт суманд байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Өдөрлөгийн хүрээнд малчдын дунд дэмбээ, шагай хамах, буухиа тэмцээнүүдийг зохион байгуулах ба нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах ажээ. 

相关新闻