Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Цогц чадамжийг нэвтрүүлэх нь - Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх, хүний нөөцийн мэргэжилтнийг чадавхжуулах" сургалтад Баянхонгор аймаг дахь ТАЗСЗ-ийн дарга, гишүүд оролцож байна.
Төрийн байгууллагуудын дэргэдэх Ёсзүйн зөвлөл болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зүйн болон төрийн алба хаагчийн цогц чадамжийг олж илрүүлэх, үнэлэх, хөгжүүлэх арга зүй, ур чадвараар чадавхжуулах зорилгоор тус сургалтыг зохион байгуулж буй.
Хоёр өдрийн хөтөлбөрт сургалтад Монгол Улсын дөрвөн бүсийн 21 аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, гишүүд хамрагдаж байна.
Сургалтаар төрийн албан хаагчийн хандлага, ёс зүй, мэдлэг ур чадвар, цогц чадамжийг нэвтрүүлэх арга хэлбэр, ач холбогдол, төрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ашиглах шинэ мэдлэг, мэдээллийг олгож байгаа аж.
Чадахуйн зарчимд суурилсан, цогц чадамжтай, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх нь Төрийн албаны шинэтгэлийн үндсэн зорилго. Тус зорилгын хүрээнд Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах, төрийн байгууллагад цогц чадамжийг нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.