Агаарын бохирдлыг бууруулахад дэвшилтэт технологийг ашиглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-11-09 18:45:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг агаарын бохирдлоо бууруулахын тулд “Интеллигент технологи” ХХК-тай хоёр чиглэлд хамтран ажиллах гэрээ хэлцэл хийлээ.

Тодруулбал, бага, дунд оврын халаалтын зууханд зориулсан, утааг ионжуулан шүүх төхөөрөмжийг эхний ээлжинд Арвайхээр сумын ЗДТГ-ын уурын зуух, гэр хорооллын 100 өрхийн ердийн зууханд суурилуулж туршихаар болов. Уг төхөөрөмж нь яндангаас агаарт цацагдах тоосонцрыг стандартаас 20.6 дахин багасгаж, утааг 99.3 хувиар шүүх хүчин чадалтай бөгөөд цаашид Арвайхээрийн бүх өрх, уурын зууханд суурилуулах аж. 

Мөн Арвайхээр сумын 2 дугаар багийн айл өрхүүдэд шахмал түлш нийлүүлж байгаатай холбогдуулан угаарын хийн эрсдэлээс хамгаалах хяналтын нэгдсэн системийг нэвтрүүлэхээр ярилцаж байна. Энэ жил 500 айлд угаар мэдрэгч дохиоллын системийг суурилуулах бөгөөд угаарын хий нэмэгдэх, аюултай түвшинд хүрэхэд төхөөрөмжийн мэдрэгч нь дуут дохио гаргаж, тухайн айлын хаяг байршил, холбогдох мэдээллийг хяналтын төвд илгээдэг технологийн орчин үеийн шийдэл юм. Эдгээр ажлын хүрээнд аймгийн Засаг дарга А.Ишдорж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран ажиллах санамж бичгийг үйлджээ.

相关新闻