Орос хэлний бүсийн олимпиадыг Өвөрхангай аймагт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын
өдрүүдэд орос хэлний бүсийн олимпиадыг Өвөрхангай аймагт зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх А.Р.Базархандаев, Монгол-Оросын найрамдлын төвийн тэргүүн Ё.Максим болон “Россотрудничество”
төлөөлөгчийн газрынхан оролцож,
санал сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Мөн Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл
аймгийн 12-р ангийн сурагчид, орос хэлний багш нар мэдлэг, ур чадвараа сорилоо.
Олимпиадад шалгарсан багш, сурагчид ОХУ-д тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулав.
Тухайлбал, Арвайхээр сумын "Тэмүүлэл-Эрдэм" сургуулийн багш
Ё.Чулуунчимэг, ЕБ-ын I дүгээр сургуулийн багш Ж.Баяртогтох, С.Оюун, Булган аймгийн ЕБ-ын сургуулийн багш Т.Цэрэнням, "Гурван-Эрдэнэ" сургуулийн багш Л.Нарангэрэл нар шилдгийн шилдэг
багшаар шалгаран 2022 оны зун ОХУ-д мэргэжил дээшлүүлэх
курст үнэ төлбөргүй
суралцах эрхтэй болов.
Мөн Арвайхээр
сумын I дүгээр сургуулийн сурагч Б.Хуланхатан, Ж.Баярсайхан, П.Бат-Очир, Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн сурагч
Ч.Түмэнбаяр, Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сумын ЕБ-ын
сургуулийн сурагч Ц.Энхсайхан, Хөвсгөл аймгийн
Дэлгэрмөрөн сургуулийн сурагч А.Номин-Эрдэнэ, Арвайхээр сумын Мэргэд сургуулийн сурагч М.Оролмаа нар шилдэг сурагчаар шалгаран ОХУ-д өөрийн хүссэн мэргэжлээрээ 5 жил үнэ
төлбөргүй суралцах эрх, диплом, үнэ бүхий зүйлийг гардан авлаа.
2020 онд Дундговь аймагт зохион байгуулсан орос хэлний бүсийн олимпиадын эхний гурван байрт Өвөрхангай аймгийн сурагчид шалгарч, ОХУ-д таван жил үнэ төлбөргүй сурах эрхээр шагнуулж байжээ. Энэ удаагийн олимпиад Монгол-Оросын дипломат харилцааны түүхэн 100 жилийн ойг тохиолдуулан зохиож буй учраас ОХУ-д суралцах эрхийн тоог нэмсэн байна.


