Орон нутгийн үйлдвэрлэгчид уул уурхайн компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид,
бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн
компаниудтай холбох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий ажлын баг байгууллаа.
Аймгийн ЗДТГ-аас 2021 оныг “Бизнесийг дэмжих жил” болгон
зарлаж, энэхүү зорилтын хүрээнд Канад
улсын MERIT буюу "Институцийн өөрчлөлт хийх
замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь" төсөлтэй
хамтран дээрх нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх юм.
Тус ажлын хүрээнд MERIT төслөөс аймгийн жижиг, дунд
үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесийн удирдлагын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,
тэднийг уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч болох боломжийг нэмэгдүүлэх “Жижиг дунд
бизнес эрхлэгчдэд зориулсан Модуль II” сургалтыг байгуулсан.
Сургалтаар оролцогчдод бүтээгдэхүүн хөгжүүлэлт, брэндийн
удирдлага, интернэт худалдаа, цахим сурталчилгаа зэрэг маркетингийн удирдлага,
төлөвлөлтийн талаар болон бизнес төсөл боловсруулах, цаашлаад санхүү, хөрөнгийн
удирдлага, нягтлан бодох бүртгэлийн суурь ойлголтыг олгожээ.
Тус сургалтад аймгийн төвийн болон уул, уурхай бүхий сумдын хүлэмжийн аж ахуй, арьс
шир боловсруулалт, сүү сүүн бүтээгдэхүүн, талх нарийн боов, махны худалдаа
эрхлэгч болон хувцасны брэнд, оёдол, гутал үйлдвэрлэл, барилгын материалын
худалдаа зэрэг 15 жижиг, дунд үйлдвэрлэл
эрхлэгчид хамрагдсан байна.