Хүүхдийг ивээх сангаас шороон шуурганд өртсөн 19 өрхөд гэр олголоо

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2021-08-27 17:33:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хүүхдийг Ивээх Сан хүмүүнлэгийн хөтөлбөрийнхөө хүрээнд Япон Платформ Сангийн санхүүжилтээр “Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төслөөс Говь-Алтай аймгийн 10 сумын 19 өрхөд өргөө цагаан гэр өгөв. 

Тодруулбал, наймдугаар сарын 27-нд Япон Платформ Сангаас санхүүжүүлж буй “Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төслөөс Говь-Алтай аймгийн 10 сумын 19 өрхөд гэр, 70 өрхөд эрүүл ахуйн багц, 70 өрхөд мөнгөн тусламж үзүүлэв. Мөн “Шороон шуурганд өртсөн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх” төслөөр Говь-Алтай аймгийн Бигэр сумын 35 өрхөд эрүүл ахуйн багц өглөө. Эрүүл ахуйн багцад оо, саван, угаалгын нунтаг, ариутгагч зэрэг ариун цэврийн хэрэгсэлүүд, хүүхдэд сэтгэл санааны анхны тусламж үзүүлэх зөвлөмж зэрэг зүйлүүд багтсан байна. 

Энэхүү малчдад өгөх тусламжийг шороон шуурганд гэр нь бүрэн эвдэрсэн, мал болон бусад эд зүйлийн хохирол амссан, хүүхэдтэй, амьжиргааны төвшин доогуур зэрэг байдлыг харгалзан олгож буйгаа холбогдох албанаас мэдээлэв. Уг төслийг Япон Платформ Сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд 2021 оны долооугаар сарын 5-аас аравдугаар сарын 4-ныг хүртэлх хугацаанд хэрэгжих юм. 

Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч, улс төр, шашнаас ангид, ашгийн бус, олон улсын бие даасан төрийн бус байгууллага юм. Хүүхдийг Ивээх Сан өнөөдөр дэлхийн 120 улсад үйл ажиллагаа явуулж байна. Монгол дахь хөтөлбөр 1994-2009 онд Их Британийн Хүүхдийг Ивээх Сан, 2009 оноос хойш Японы Хүүхдийг Ивээх Сангийн удирдлагад ажиллаж байна. Хүүхдийг Ивээх Сан хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой ажилладаг ажээ.