ДАРХАН-УУЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ
ФОТО МЭДЭЭ
Дархан, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл илэрхийлж цэцэг өргөлөө.
Аймгийн хэмжээнд хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөллийн ная гаруй иргэн ажиллаж, амьдарч буй судалгаа бий. Эдгээр иргэдийн арав гаруй нь цэцэг өргөх ёслолд оролцож, хүндэтгэл илэрхийлэв.
Өнгөрсөн хугацаанд цагаатгалын комиссоос нийт хоёр тэрбум 620 сая төгрөгийн нөхөх олговор олгосон бөгөөд ар гэрийн хамгийн өндөр настай иргэн нь 92 настай байна.
Энэ жил улс төрийн хилс хэргийг цагаатгаж эхэлсний 30 жилийн ой тохиож, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлж, тусгайлан ном болгон хэвлүүлэхээр төлөвлөжээ. Уг номд орох материал, түүхэн баримтыг хэлмэгдэгсдийн ар гэрийнхнээс авах, түүхийн баримтад тулгуурлана гэж аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа мэдэгдлээ.
Ташрамд, Улс төрийн хэлмэгдүүлэлт өргөн хүрээтэй нийтийг хамарч өрнөсөн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн амиа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 онд 33 тоот тогтоол гаргаж, жил бүрийн энэ өдөр хүндэтгэл, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, түүнд төр, засгийн байгууллага, албан тушаалтан, олон нийтийг өргөн хамруулж ирсэн түүхтэй.
Хэлмэгдүүлэлтийн хамгийн их хор хохирол учруулсан он жилүүд нь 1937-1939 он байсан бөгөөд энэ үеийн хэлмэгдүүлэлтэд тухайн үеийн төр засаг, нам, цэрэг арми, улс төрийн удирдлагад ажиллаж байсан ихэнх хүн өртөж амиа алджээ. Мөн нэг хэсэг нь шорон гянданд хийгээгүй хэргийнхээ төлөө хилсээр хоригдож, ажил, амьдрал, эрүүл мэндээрээ хохирч үлджээ.








