СҮХБААТАР: Агтана хүрээт наадмыг сонирхохоор 2500 гаруй жуулчин иржээ
ФОТО МЭДЭЭ
Баруун-Урт, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Найм дахь жилдээ зохион байгуулсан "Агтана хүрээт-2025" хүлэгч эрсийн наадамд оролцохоор болон үзэж сонирхохоор газар газраас 2500 гаруй жуулчин иржээ. Шилийн богд дээрээс нар мандахыг харж эхлүүлсэн тус наадам хоёр өдрийн турш өргөн дэлгэр болж өнгөрснийг оролцогчид онцолж байна.












Энэ жилийн наадмын нэг онцлог нь "Морьтой Монголжин" буюу моринд
эрэмгий эмэгтэйчүүд оролцсон явдал байлаа. Тэд үзүүлбэр үзүүлж, хурсан олныг баясгав.








Мөн анх удаа "Дээлтэй бөх" буюу цолгүй залуу бөхчүүдийн барилдааныг зохион байгуулсан юм. Тус барилдаанд ӨМӨЗО болон аймаг, сумдын хүчит 64 бөх зодогложээ.



"Агтана хүрээт" наадмын уламжлалын дагуу алдарт хурдан хүлгийг алдаршуулах явдал байдаг. Энэ удаад Монгол Улсын тод манлай уяач Ө.Пүрэвбаатарын загал морийг алдаршууллаа. Эрдэнэцагаан сумын уяач Ц.Эрдэнийн унаган адуу, ардын хувьсгалын 93 жилийн ой, 2014 оны улсын баяр наадамд айргийн гуравт, "Их хурд-7" уралдаан болон зүүн бүсийн даншиг наадамд айрагдсан хурдан хүлэг юм.



"Хос морьтон" тэмцээн бол уралдааны мөн л уламжлалт үйл ажиллагааны нэг. Энэхүү тэмцээнд оролцогчдын бэлтгэл жилээс жилд сайжирч, өрсөлдөөн улам ширүүсэж байгааг зохион байгуулагчид хэллээ.











Ulaanbaatar