Ариутган халдваргүйжүүлэх зориулалтын автомашинуудтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр (2021.08.10) аймгийн Мал эмнэлгийн газарт дуудлага үйлчилгээ, ариутган халдваргүйжүүлэх зориулалтын автомашиныг хүлээлгэн өглөө.
Ийнхүү тусгай зориулалтын автомашинтай болсноор малыг эрүүлжүүлэх, халдваргүйжүүлэх ажлуудыг эрчимжүүлэх нөхцөл боломж бүрдэж байна. Түүнчлэн шалган нэвтрүүлэх болон устгалын цэгт ашиглах юм.
Нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, цэцэрлэгжүүлэлтэд ашиглах боломж бүхий тусгай зориулалтын шүршигч автомашин нь 5тн багтаамжтай усны сав, усыг нарийн тоосруулж шүрших, 25-30 м өндөрт шүрших, 360 градус эргэдэг сэнс бүхий урд болон 2 хажуу талаараа ус шүрших нэмэлт тоноглолтой аж.
Аймгийн 2021 оны Авто замын сан, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, захиалгын шаардлагын дагуу 2021 онд үйлдвэрлэгдсэн энэхүү таван шинэ автомашиныг “Бат билэг гурван эрдэнэ” ХХК нийлүүлжээ.
