“Хяналт шалгалт-хариуцлага” хэсэгчилсэн шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-26 11:27:31

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Цагдаагийн газар Улсын онцгой комиссын 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор “Хяналт шалгалт-хариуцлага” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулжээ.

Тус газрын болон Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид хамтран хүнс, бараа, барилгын материалын дэлгүүр, худалдааны төв, хийд, баар, ресторан, цайны газар зэрэг нийт 60 аж ахуйн нэгж, зарим төрийн байгууллагын цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэм, харуул хамгаалалт, хяналтын камерын хэвийн ажиллагаа, галын аюулгүй байдал зэргийг шалгаж, заавар зөвлөмж өгсөн байна.  

- Шалгалтын үеэр аймгийн Засаг даргын захирамжаар тогтоосон дэглэм зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан хоёр зөрчлийг илрүүлэн материалжуулан шалгаж байна. Мөн Булган, Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах 16 амралтын газрыг хамруулан шалган зааварчлах ажлыг явуулсан гэж аймгийн цагдаагийн газрын ажилтан, дэд хурандаа Э.Ариунчимэг ярилаа.

相关新闻