Бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-16 13:34:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 5 суманд тогтоосон “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг бууруулж, 6 дугаар сарын 15-22-ныг хүртэл “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжжээ.

Энэ хугацаанд төрийн байгууллагуудын ажилтнуудын 10 хүртэл хувийг хуваарийн дагуу ажиллуулж, бусад ажилтнуудыг гэрээс нь ажиллахаар зохицуулахыг байгууллагын удирдлагууд, сумын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийг хязгаарлаж, 9:00-18:00 цагийн хооронд ажиллах ба архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдан борлуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Эмийн сан, хүнсний дэлгүүрүүд, ШТС, банкуудаас бусад аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг түр хязгаарлаж, хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрсөн байна.

Дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийг зогсоохгүйгээр өнгөрүүлэх бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдээр нэвтэрч байгаа иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, шаардлагатай тохиолдолд дархлаажуулалтын бүрэн тунгаа хийлгэсэн иргэдийг ч 7 хоног тусгаарлах байр, гэрийн ажиглалтад тусгаарлах ажээ. 

相关新闻