"Ахмад настны асрамж үйлчилгээний төв"-ийг тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-05-29 16:51:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран нийгмийн хариуцлагын хүрээндээ Баянхонгор аймгийн “Ахмад настны асрамж үйлчилгээний төв”-ийг тохижуулж, тав тухтай орчныг бүрдүүлжээ.

Баруун аймгуудын "Ахмад настны асрамж үйлчилгээний төв" 1993 онд байгуулагдан, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа ажилладаг бөгөөд энэ төвд одоогоор Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн есөн ахмад асруулж байна.

Ахмад настныг асран хамгаалах, дэмжих сайн санааны үйлс, нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн Эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан орон нутгийн төсвийн 3.0 сая төгрөг, С.Рэнцэндагва даргатай Татварын хэлтсийн хамт олон 1.5 сая төгрөг, Г.Долгорсүрэн захиралтай “Би ай эм би” ХХК 2.2 сая төгрөг, М.Мөнгөнцэцэг даргатай Улаан загалмайн хороо 1.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус төвд бараа материалын дэмжлэг, өрөө, танхимын тохижилт, засвар үйлчилгээг хийжээ.

Ташрамд дуулгахад, “Ахмад настны асрамж үйлчилгээний төв”-ийн байрыг засварлахаар Баянхонгор аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөнд 70.0 сая төгрөгийг төсөвлөсөн байна.

相关新闻