Их газрын чулууны байгалийн цогцолбор газрын долоон цэгт 120 боодол өвс тараан байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-01 21:03:01
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн МХГ-ын алба хаагчид Их газрын чулууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны ажилчидтай хамтран тус цогцолбор газрын долоон цэгт 120 боодол өвс тараан байршууллаа.

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байгалийн онц аюултай үзэгдэл болж, Их газрын чулууны ууланд өвс ургамал үндсээрээ ховхорч, битүү элсэн бүрхүүл үүсч, зэрлэг амьтдын амьдрах орчин, экосистем алдагдан идэш тэжээлийн гачигдалд орж аргаль, янгир устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа юм.

Тиймээс МХГ-ын алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивлан, Их газрын чулууны байгалийн цогцолбор газрын Ерлөг хайрхан, Ёрвон хайрхан, Хулгарын хад, Ихрийн хад, Бурхантын тагт, Баян-Уулын 2 цэгт ан амьтдад ийнхүү өвс тэжээл тавьж өгчээ.

Өнгөрсөн зун зуншлага тааруу байсан тул энэ өвөл Их газрын чулууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас таван удаа биотехникийн арга хэмжээ авч, ан амьтад өвс тэжээл тавьж өгчээ.

Энэ удаагийн биотехникийн арга хэмжээний тухай ИГЧБЦГЗ-ны дарга Р.Баттүвшингээс тодруулахад “Энэ өвөл бэлчээр муу учраас таван удаа биотехникийн арга хэмжээ авсан. Тэнгэрийн байдлыг харж байгаад урд талбайдаа мөн өвс тавьж өгнө. Сая МХГ-аас 100 боодол өвс, бид өөрсдийн машиндаа 20 боодол нийт 120 боодол өвс тавиад ирлээ. Олон цэгт тавьсан болохоор 10 гаруй хонох болов уу гэж бодож байна. Өмнө нь 20 гаруй хоногийн зайтай тавихад өвсөө идчихсэн байдаг байсан” гэлээ. 

相关新闻