Шилдэг төгсөгчдөд Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн Засаг даргын нэрэмжит сургалтын
төлбөрийн тэтгэлэг олгох журам баталлаа.
Энэ талаар
аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсрол
хариуцсан мэргэжилтэн Б.Оюунбилэгээс тодруулга авлаа.
-Засаг даргын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгохоор боллоо. Ямар нөхцөл хангасан сурагч тэтгэлэг авах боломжтой вэ?
-Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын боловсрол эзэмших өдрийн ангид шинээр элсэн орж байгаа сурлага, урлаг, спортоор үе тэнгийнхнийгээ манлайлагч төгсөгчдөд оюутны сургалтын тэтгэлэг олгоно. Аймгийн Засаг даргын томилсон “Сургалтын тэтгэлэг” олгох сонгон шалгаруулах ажлын баг энэхүү журам болон бусад хууль тогтоомжийг баримтлан тэтгэлэг шалгаруулах ажиллагааг зохион байгуулна.
Сурлага, урлаг, спортын амжилтад тавигдах шалгуур үзүүлэлтийн дагуу нэг жилийн тэтгэлгийг олгоно. Манай аймгийн харьяат сурлага, урлаг, спортын амжилтаар тэргүүний, нутагтаа ерөнхий боловсролын сургуульд сүүлийн 5 хичээлийн жилд суралцсан, тухайн онд 12 дугаар анги төгссөн төгсөгч байна.
Тэтгэлгийг гурван чиглэлээр буюу элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтаар жил бүр 20, урлагийн амжилтаар тав, спортын амжилтаар тав, нийт 30 хүртэлх суралцагчдад олгохоор төлөвлөсөн.
-Тэтгэлэг авах төгсөгч ямар шалгуур хангасан байх вэ?
-Өмнө хэлсэнчлэн гурван чиглэлээр шалгуур тавьж байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтаар шалгаруулахдаа монгол хэл бичгийн шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэл, математик, Монгол Улсын түүх, англи хэл, орос хэл, физик, хими, биологи, газарзүй, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс сонгож шалгалт өгсөн байх шалгууртай. Тухайн шалгуулагчийн шалгалт өгсөн бүх хичээлийн дундаж хэмжээст оноо 650-аас дээш байхаар заалаа. Мөн хэмжээст онооны дунджаар аймгийн хэмжээнд эхний 20 дугаар байрт багтсан байх шаардлагатай.
Урлагийн амжилтын хувьд улс, аймаг, бүсийн уралдаанд шагналт байр эзэлсэн байх, хүмүүжлийн болон ёс суртахууны доголдолгүй байх шалгуур тавьсан. Спортын амжилтын болзолд хүүхдийн олимп, дэлхий, тив, олон улсын тэмцээнд медальт болон тусгай байрт шалгарсан байх, олон улсын уралдаан тэмцээнд медальт байрт шалгарсан байх, аймаг, орон нутгаа төлөөлөн сүүлийн 3 жил шигшээ тэмцээнд оролцсон, тухайн спортын төрлөөр цол, зэрэгтэй байхыг тусгалаа.
-Тэтгэлэг авах боломжтой сурагчдыг аймгаас шалгаруулах уу, эсвэл амжилт гаргасан хүүхдүүд өөрсдөө материал бүрдүүлж өгөх үү?
- Амжилт гаргасан тэтгэлэг авах боломжтой төгсөгчид материалаа бүрдүүлж өгнө. Ам бүлийн тодорхойлолт, анкет, өргөдөл, сургууль, анги удирдсан багш ба нийгмийн ажилтны тодорхойлолт, тэтгэлэг хүсэгчийн гаргасан сурлага, урлаг, спорт, олимпиад, уралдаанд оролцсон амжилт, байдлыг гэрчлэх материалын хуулбар зэрэг материал бүрдүүлнэ. Боловсролын үнэлгээний төвөөс олгосон дүнгийн батламж хуудасны хуулбар, сургалтын төлбөрийн нэхэмжлэх байна.
Хугацаа хоцроосон болон дутуу материалыг хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн.
-Тэтгэлэг хүсэгчдийн материалыг ямар хугацаанд авах вэ?
-Жил бүрийн 7 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 10-ны өдрийн хооронд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст хүлээн авч шалгаруулна.