Гамшгийн үеийн хариу хэмжээ авах ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комисс, ЗДТГ-аас дөрвөн баг гарч, гуравдугаар сарын 14-нд тус аймгийн нутагт тохиосон байгалийн гамшигт үзэгдлийн хор
хохирлыг тогтоох, хариу арга хэмжээ авах чиглэлээр ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд уруудсан нийт малын 70 хувийг
олсон бөгөөд бүрэн бус мэдээгээр 144 айлын гэр нурж, 60 орчим байшингийн дээвэр
хуурч, 500-600 хашаа, хороо эвдэрч, 30 орчим машины шил, цонх хагарсан байна.
2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр тус аймаг
3,7 сая толгой мал тоолуулсан. Аймгийн хэмжээнд өнгөрсөн зун ихэнх нутгаар зуншлага
тааруу байсан тул нийт малчдын 50 орчим хувь нь 12 аймгийн нутагт отроор өвөлжиж
байгаа.
Харин нутагтаа үлдсэн малчдын дийлэнх нь Эрдэнэдалай, Сайнцагаан, Дэлгэрцогт, Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Өлзийт сумын нутагт өвөлжиж, хаваржиж байгаа ба эдгээр малчид байгалийн энэхүү бэрхшээлд илүү ихээр өртөж, хохирол их амссан. Хамгийн эмгэнэлтэй нь энэ үеэр есөн малчин амиа алдсан юм.
Хохирлын хэмжээ одоогоор бүрэн гараагүй байгаа бөгөөд
аймгийн хэмжээнд Онцгой комисс, ТББ, иргэд, сумд “Малчдадаа тусалъя”
хандивын аяныг өрнүүлж, малчдад хүнс, өвс тэжээлийн тусламж хүргүүлж байна.
Мөн малчдыг эрэлд явж байх үеэр сумын төвийн иргэд,
төрийн байгууллагын ажилчид хоол, цай хийж ядарсан, даарсан малчдадаа сэтгэлийн
дэм өргөж, аймаг, сумын Онцгой комисс алдсан малаа хайж, олоход нь тус дэм
үзүүлж байсанд малчид талархаж байгаагаа илэрхийлж байна.