Булган аймагт монгол хүн сансарт ниссэний ойг тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын түүхэн тэмдэглэлт үйл явдлын нэг монгол хүн сансарт
ниссэний 40 жилийн ойг Булган аймагт тэмдэглэж байна. Тус аймгийн ИТХ энэ
өдрийг аймгийн бахархлын өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм.
Аймгийн
удирдлага, иргэдийн төлөөлөл сансрын нислэгт зориулсан хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ
үеэр “Би нисэх дуртай” нисэх загварын уралдааны шилдэг оролцогчид үзүүлбэрээ үзүүллээ. Түүхэн тэмдэглэлт үйл явдалд зориулсан үйл
ажиллагааны нээлт дээр аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ:
-
Монголчуудыг огшоож, бүх нийтээр нь баярлуулсан хоёр тохиолдол бий. Монгол хүн анх
сансарт ниссэн, Олимпын аваргатай болсон тэр мөч юм. Энэ түүхэн үйл явдлууд
Булганыхантай холбоотой учир бид бахархахгүй байхын аргагүй гэв.
Булган сумын Соёлын ордонд “Сансар-40”
музейн үзмэрийн болон номын үзэсгэлэн гаргажээ. Мөн ойд зориулсан “Сансрын
ертөнцөд аялсан нь” гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг олон нийтэд сонирхуулж
байна. Тус уралдаанд 15
сургуулийн 4-9 дүгээр ангийн суралцагчид оролцож 118 бүтээл ирүүлснээс 4-7
ангийн төрөлд Рашаант сумын сургуулийн 4-р ангийн сурагч О.Ану, Бугат сумын сургуулийн
7-р ангийн анги Н.Нинжбат, Булган сумын 3-р сургуулийн сурагч П.Бархас, 8-9
ангийн төрөлд Хялганат тосгоны сургуулийн 8б ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ,
Булган сумын 1-р сургуулийн 9-р ангийн сурагч Э.Чулуунчимэг, Хутаг-Өндөр сумын сургуулийн
7-р ангийн сурагч Э.Билэгт нар шалгарчээ.