Малчдад туслах аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-нд Дундговь аймагт болсон байгалийн
гамшигт үзэгдлийн улмаас тус аймгийн есөн иргэн амиа алдаж, малчид, иргэд эд
материал, малын ихээхэн хохирол амсаад байгаа.
Тиймээс зөвхөн Дундговь аймгийн иргэд гэлтгүй Монгол орны
өнцөг булан бүрээс тус аймгийн малчдад туслах чин сэтгэлийн мөнгөн болон эд
материалын хандив өргөж байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Д.Бат-Эрдэнэ,
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга
Ч.Жаргалсайхан, Дундговь аймгийн Ардчилсан нам, Дорноговь аймгийн Замын-Үүд
суманд амьдардаг Дундговийн уугуул иргэд болон тус аймгийн иргэд, аж ахуйн нэгж
байгууллагууд хандив өргөжээ.
Сайн дурын энэ аян энэ сарын 15-наас эхэлж, өнөөдрийн байдлаар
аймгийн Онцгой комисст 46,170,000 төгрөгийн
хандив цуглаж, 17,253,600 төгрөгийг зарцуулаад байгаа аж.
Хандивыг малчдад шатахууны зардал, эрүүл мэнд, хүнсний
багц, өвс тэжээл худалдан авах зэрэгт зарцуулсан байна.