Б.Ууганбаяр: Хулгана жилийн өвөл өнтэй улирлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-09 15:11:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга Б.Ууганбаяртай уулзаж ярилцлаа.

         

- Сэлэнгэ нутгийнхан хулгана жилийн өвлийг хэрхэн давж байна вэ?

- Сэлэнгэ нутгаар өнтэй сайхан өвөл болж байна. Сэлэнгэ сумын Засаг даргын албыг хоёр сарын өмнө авсан. Сумын ИТХ-аар “Сэлэнгэ шинэ хөгжлийн зам” хөтөлбөр, сумын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2021 оны төсвийг батлуулан, бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаа жигдэрсэн. Саяхан бүх малчны хотоор орж, ажил амьдралтай нь танилцлаа. Малчид өнтэй сайхан өвөлжиж байна. Хадлан тэжээлээ хангалттай сайн бэлтгэсэн байна. Манай нутгаар цас бага орсон. Мал төллөх үед тэжээлийн хэрэгцээ шаардлага гарч магадгүй. Өөр дутагдсан зүйлгүй өнтэй өвөл болж өнгөрч байна.

Сэлэнгэ сумыг хөгжүүлэх үйл ажиллгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэд хэдэн бодлогын чанартай бичиг баримт боловсруулах ажлын баг томилон судалгаа тооцоо төлөвлөлтүүд хийж байна. Мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх бодлого, өрхийн аж ахуй эрхлэх хөтөлбөр, орон нутгийн түүх, өв соёлоо өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах гэсэн чиглэлээр хөтөлбөр боловсруулаад ИТХ-аар батлуулахад бэлэн болоод байна.

Сэлэнгэ суманд газрын маргаан зөрчлүүд нэлээд байдаг. Энэ асуудлыг шийдэх ажлын баг томилоод хоёр сарын хугацаанд иргэд болон аж ахуйн нэгжийн газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Мөн нийгмийн салбар руу нэлээд анхаарч ажиллаж байна. Төсвийн байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэхэд нэлээд анхаарч ажиллана. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны их засвар, багш ажиллагсдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдэх, техник тоног төхөөрөмжөөр хангах, сурагчдын масс сургалтын чанарт анхаарч ажиллах чиглэл баримталж байна.

- Төв суурингийн өвөлжилт, хаваржилт ямар байна вэ?

- Төв суурингийн өвөлжилт хэвийн, үйл ажиллагаа жигдэрсэн, сайн байгаа. Өнгөрсөн оны 12 дугаар сард ажил авахад уурын зуухны асуудал нэлээд бэрх байсан. Мэргэжлийн эрх бүхий “Долоон бар” компанитай нийгмийн хариуцлагын хүрээнд ашиглалтын гэрээ хийгээд энэ жилийн халаалтын улирал дуустал дулаан хангамжийн асуудлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байгаа. Ер нь цаашдаа Сэлэнгэ сум нэгдсэн халаалтын системтэй болж, дулаан, цэвэр, бохир усны хэрэглээг хангах асуудлыг иж бүрэн цогцоор нь шийдэх чиг хандлагыг барин ажиллаж байна. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын төвийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Энэ баримт бичгийн дагуу 2021 оны ажлууд жигдэрч явна.

- Газар тариалангийн бүс нутагт малчид, тариаланчдын хооронд маргаан гарах нь элбэг. Энэ асуудлыг яаж зохицуулах бодлого байна вэ?

- 2020 оны жилийн эцсийн тооллогоор 1078 өрх, 3359 хүн ам тоологдсон. Сумын 345 малчин, 248 мал бүхий иргэд нийтдээ 103.2 мянган мал тоолуулсан. Мал аж ахуйн бодлогын зорилго чиглэлээ тодорхойлж байна. Бэлчээрийн даац хэтэрсэн, хадлан бэлтгэх талбай багассан, тавиул мал ихэссэн байна. Тийм учраас мал аж ахуйн бодлогоо орон нутагтаа зохицсон, үндсэн уугуул малчин иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэл рүү хандуулна. Дээр нь газар тариалан эрхлэгчид, малчдыг хамтран ажиллуулах, ойлголцуулах асуудал бий. Малчид малаа тариан талбайд оруулдаг. Намар оройтож ургац хурааж авах үед ийм зөрчил их үүсдэг. Энэ чиглэлээр малчидтэй нэлээд ярилцлаа. Малчдыг бүлгийн зохион байгуулалтад оруулах талаар санал солилцсон. Ерөнхийдөө малчдыг тухайн уулынхаа аманд байгаа газрын байгалийн баялаг, хадлан бэлчээр, өвөлжөө, хаваржааны газар, өрхийнхөө аж ахуйн амьдралыг сайжруулах асуудлыг зохицуулж, бие даалгах чиглэлээр хамтран ажиллаж байна.

相关新闻