Төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага хийхийг зөвшөөрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын 2021 оны анхдугаар
хуралдаан нэгдүгээр сарын 12-нд хуралдаж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.
Тус хуралдаанаар энэ жил 12 дугаар анги төгсөх сурагчдад танхимаар
давтлага хийхийг зөвшөөрч, харин давтлага хийхээр бол анги танхимдаа ариутгал,
халдваргүйтгэл хийлгэж, халдвар хамгааллын дэглэм сайтар баримтлан ажиллахыг
үүрэг болгосон.
Мөн энэхүү хуралдаанаар өмнө нь гаргасан байсан архи,
согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон байсан шийдвэрийг цуцалжээ.
Хэд хэдэн аж ахуйн нэгжээс санал гарсан тул голомтын бүс
нутаг биш байгаа учраас ийм шийдвэр гаргасан гэдгээ аймгийн Засаг дарга
Ц.Мөнхбат Онцгой комиссын мэдээллийн үеэр дурдсан юм.
Хэдийгээр ийм шийдвэр гаргаж байгаа хэдий ч аймгийн хэмжээнд
өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэвээр байгаа ба Улаанбаатараас
зөвхөн хүнс тээвэрлэх, буяны ажилд явах, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ
авах шаардлагатайгаас бусад тохиолдолд зорчигч тээврийн үйлчилгээг хориглосон
УОК-ын шийдвэр өөрчлөгдөөгүй байгааг аймгийн ОБГ-ын дарга, хурандаа
М.Адъяабаатар анхаарууллаа.