Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 60 гаруй сая төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ сарын 12-ны өдөр хуралдав.
Энэ үеэр өнгөрсөн 2020 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүн,
2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.
Тус зөвлөл нь өнгөрсөн
онд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр болзолт
уралдаан, сургалт сурталчилгаа,
соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулжээ.
Улмаар салбар зөвлөлийн
гишүүн байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд төрийн ба төрийн бус
байгууллага, сургууль, цэцэрлэг зэрэг нийт 700 гаруй байгууллагыг удирдлага,
зохион байгуулалтаар хангав.
Ингээд архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэл,
хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,
замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлд давхардсан тоогоор 378 ажилд 30 мянга орчим иргэнийг оролцуулж, 40 мянган
ширхэг гарын авлага, санамж сэрэмжлүүлэг олгожээ.
Мөн сум болон албан
байгууллагын дунд болзолт уралдаан зохион байгуулах замаар камержуулж, олон
нийтийн байцаагчийг сум бүрт ажиллуулан, зөрчил үйлдэж болзошгүй цэгийг байнгын
хяналтад авч, хүн хүчийг хуваарилсан. Үүний үр дүнд өнгөрсөн 2020 онд Ховд аймгийн хэмжээнд 394 гэмт хэрэг
бүртгэгдсэн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 18.1 хувиар
буурсан аж.
Тус салбар
зөвлөл нь энэ онд шинэ төлөвлөгөөний дагуу архидан
согтуурахтай тэмцэх, насанд хүрээгүй хүмүүсийн үйлдэж байгаа гэмт хэрэг, гэр
бүлийн хүчирхийллийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, мал
хулгайлах, үндэсний аюулгүй байдал, авлига, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх, сургалт зөвлөгөөн, бусад гэсэн найман бүлэг багц ажлыг гүйцэтгэх
аж.
Ийнхүү найман бүлэг 30 гаруй ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөлд нийт 60
гаруй сая төгрөгийн санхүүжилт тусгасан гэж албаныхан танилцууллаа.
Салбар зөвлөлийн гишүүдийн зүгээс цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын эерэг үзүүлэлтийг бататган нэмэгдүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх ажилд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн замын хөдөлгөөнд хэрхэн зөв, соёлтой оролцох талаар мэдлэгийг сурагч, хүүхэд багачуудад эзэмшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, тээврийн хэрэгсэл жолоодох бэлтгэл, дадлагын талбай бий болгох, сумдын олон нийтийн байцаагч, холбогдох мэргэжилтнүүд цахимаар туршлага солилцох, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг эмчийн үзлэгт хамруулах зориулалтын байр тохижуулах, олон удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулах, энэ чиглэлд мэргэжлийн сэтгэл зүйчийг тогтмол ажиллуулах зэрэг нэлээд саналыг хэлсэн юм.