ХОВД: Экспортод гаргах махны шинжилгээг орон нутагт хийж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн зарим компани, аж ахуйн нэгж гадаад улс руу мах экспортлох зөвшөөрөл авч, стандартын дагуу бэлтгэж байна.
Экспортод гаргах махны шинжилгээг орон нутагт анх удаа, Ховд аймгийн Мал эмнэлгийн лабораторид хийж эхэллээ.
Өнөөдөр улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториос Ховд аймагт ажлын байрны сургалт зохион байгуулж байна. Сургалтад Ховд аймгийн Мал эмнэлгийн лабораторийн эмч, мэргэжилтнүүд оролцож, гадаад улс руу экспортлох махны шинжилгээг хэрхэн хийх талаар арга зүйд суралцлаа.
Мөн Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн махны үйлдвэрүүд экспортод гаргах махны дээжийг Ховд аймгийн Мал эмнэлгийн лабораторид авч ирж шинжилгээнд хамруулжээ.
Ийнхүү экспортод гаргах махны шинжилгээг 21 аймгаас анх удаа Ховд аймагт хийж байгаа нь онцлог юм.
Энэ нь Улаанбаатар хот дахь төв лабораторид хийдэг зарим шинжилгээг орон нутагтаа хийх замаар мал, амьтдын эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчлөлөөс сэргийлэх, цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай.
Ховд аймагт Мал эмнэлгийн лабораторийн оношилгооны чадавхыг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, эмч, мэргэжилтнийг сурган дадлагажуулах ажил ийнхүү үe шаттай хэрэгжиж байна.
Тус аймгийн Мал эмнэлгийн лабораторид одоогоор дөрвөн чиглэлээр 10 гаруй шинжилгээ хийж буй.
Цаашид мал, амьтдын бүх төрлийн өвчнийг оношлох, шинжилгээ хийх, тархалт, халдварлалтын түвшнийг тогтоох, тэмцэх үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгаа гаргах, олон улсын болон үндэсний стандартын шаардлагад нийцсэн баруун бүсийн төв лаборатори болж өргөжих зорилт дэвшүүлжээ.