"Дундговь-Ус" ОНӨҮГ-аас сумдтай гэрээ байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/ Энэ оны долдугаар сарын нэгэн хүртэл усны үнийг төр хариуцах болсонтой холбогдуулан "Дундговь-Ус" орон нутгийн өмчит үйлдвэрийн газар (ОНӨҮГ) 13 сумтай гэрээ байгуулж байна.
Нэгдүгээр сарын 5-нд БХБЯ, Усны зохицуулах зөвлөлөөс аймгийн
ЗДТГ болон холбогдох байгууллагын удирдлагуудтай цахимаар хуралдаж, дээрх
үүрэг, чиглэлийг өгчээ.
"Ковид-19" цар тахлын үр нөлөөг бууруулах, иргэдийнхээ
амьжиргаа, эдийн засгийн чадамжийг дэмжих зорилгоор Засгийн газраас цахилгаан,
дулаан, цэвэр, бохир усны төлбөр болон хог хаягдлын
үйлчилгээний хураамжийн зарим хэсгийг төрөөс хариуцах шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд
БХЯ-наас “Цэвэр, бохир усны хэрэглээг зохицуулах түр журам”, “Төрөөс хариуцах
цэвэр, бохир усны төлбөр тооцоог зохицуулах түр журам”-ыг тус тус батлан
хэрэгжүүлж байгаа юм.
Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлж усны тусгай зөвшөөрөлтэй "Дундговь-Ус" ОНӨҮГ энэ сарын 15-ны дотор сумдтайгаа гэрээ байгуулах, сар бүрийн тавны дотор
аймгийн нийт ус хэрэглэгчдийн хэрэглэсэн цэвэр усны тооцоог нэгтгэн Усны
зохицуулах зөвлөлд хүргүүлэх, төлбөр олгосон мэдээллийг тухайн өдөрт нь иргэдэд
мэдээлэх зэрэг үүрэг хүлээж байгаа ажээ.
Дундговь аймгийн 15 сумаас яагаад 13 сумтай гэрээ
байгуулж байгаа тухай "Дундговь-У"с
ОНӨҮГ-ын дарга Д.Ганбаатараас тодруулахад “Сайнцагаан сумын хувьд аймгийн төвд
байгаа ус түгээх газрууд нь манай байгууллагын харъяанд байдаг бол Цагаандэлгэр
сумын хувьд иргэд нь усаа үнэгүй хэрэглэдэг. Тиймээс энэ хоёр сумаас бусад 13
сумтай гэрээ байгуулж байгаа” гэлээ.