Нутгийн 65-70 хувьд бага зэргийн цасан бүрхүүл тогтсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-22 17:56:16

Ховд /МОНЦАМЭ/. Энэ оны 12 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын тойм мэдээгээр Ховд аймгийн нийт нутгийн 65-70 хувьд бага зэргийн цасан бүрхүүл тогтсон байна.

Цасны зузааны хувьд Дарви, Алтай суманд 3-4 см, Манхан, Булган, Үенч, Чандмань, Зэрэг, Цэцэг суманд 0-1 см цастай байна. Харин Мөнххайрхан, Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт, Жаргалант суманд одоогоор цасан бүрхүүл тогтоогүй.

Одоогоор Алтайн салбар уулсаа дагаж цасан бүрхүүл тогтсон хэдий ч өвөлжилт хүндрээгүй, хэвийн байна гэж Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Өнгөрөгч арав хоногт нийт сумын нутгаар 18.9-25.3 градус, Цэцэг сумын нутгаар 29 градус хүйтэн байв. Агаарт шөнөдөө нийт сумын нутгаар 25-33 градус, Цэцэг суманд -37 градус хүрч хүйтэрсэн байна. Нийт нутгаар хөрсний дундаж температур 20-27 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр шөнөдөө 30-38 градус хүйтэн хоносон аж.

Мөн энэ сарын дунд арав хоногт зарим сумын  нутгаар 6.0 мм цас орсон. Тодруулбал, Алтай өвөр говийн сум болох Үенч, Булган, Алтай суманд 1.4-1.8 мм цас орсон. Дуут 0.7 мм, Дарви суманд 0.4 мм цас орсон байна. Бусад сумаар цас ороогүй.    

Салхины их хурд секундэд Мөнххайрхан суманд 18 метр байв. Харин Ховд, Мөст сумын нутгаар 15-16 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурсан аж.

Энэ оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зудын эрсдэлийн зураг гаргасан. Уг зургаас үзвэл нийт нутгийн 10 орчим хувь нэн их эрсдэлтэй. 75 орчим хувьд нь их эрсдэлтэй, 10 гаруй хувьд нь дунд эрсдэлтэй байна. Харин тав орчим хувь нь бага эрсдэлтэй гарчээ.

Цаашид нийт нутгаар цас орж цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй. Иймд өвс тэжээлийн нөөц бэлдэх, хил залгаа сум руу отор нүүдэл хийхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. 

相关新闻