Олон улсын буудлага спортын холбооны салбар хорооны гишүүд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-12-17 15:43:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын буудлага спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, МҮОХ-ны гишүүн Дамдинсүрэнгийн Лхамсүрэн Олон улсын буудлага спортын холбоо /ISSF/-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр тус холбооны “Target sprint” төрлийн салбар хорооны гишүүнээр сонгогджээ.

“Target sprint” нь 2015 оноос эхлэн олон улсад хөгжиж эхэлсэн бөгөөд энэ төрлийн тамирчин 4 км гүйгээд, 10 метрийн зайнаас хийн гар буу, урт буу болон таваг буудлагаар буудаж байг онодог юм байна.
Олон улсын буудлага спортын холбооны Тогтвортой байдлын хорооны гишүүнээр П.Тунгалаг анх удаагаа сонгогдсон бол Эмнэлгийн салбар хорооны гишүүнээр Н.Цогтсайхан дахин сонгогдсон байна. П.Тунгалаг нь Монголын буудлага спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Н.Цогтсайхан нь допингийн эсрэг хяналтын зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм.
Олон улсын буудлагын холбоо /ISSF/ нь эгнээндээ 150 орныг нэгтгэсэн олимпын төрлийн холбоо бөгөөд тус байгууллагыг ОХУ-ын ган төмрийн бизнесийн тэрбумтан, Владимир Сергеевич Лисин тэргүүлдэг. Буудлага спортын төрлөөр "Токио-2020" олимпод Монголоос дөрвөн тамирчин /О.Гүндэгмаа, Ц.Анударь, Э.Даваахүү гар буу, О.Есүгэн урт буу/ оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Монголын тамирчид "Токио-1964" наадмаас эхлэн олимпын дэвжээнд цэц мэргээ сорьж, олимпын мөнгө, хүрэл медаль хүртсэн түүхтэй.
相关新闻