Баянхонгор аймгаас төрийн наадмын түрүү бөх тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат “Алдар” спорт хороо, “Тэргүүн богд” дэвжээний бөх улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, улсын арслан цол хүртлээ.
Тус аймгаас хамгийн сүүлд 1949 онд улсын арслан П.Аюуш төрийн наадамд түрүү бөхөөр тодорч байсан бол 76 жилийн дараа шинэ арслан цолтон төрж байгаа нь энэ. Улсын арслан Э.Батмагнай түрүүлснийхээ дараа ярилцлага өгөхдөө "Би энэ наадамд цолоо ахиулах гэж биш түрүүлэх гэж ирсэн. Тэр зорилгодоо хүрлээ" хэмээв.
Тэгвэл Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэж, улсын гарди цолны болзол хангалаа. Түүний хувьд Сүхбаатар аймгаас төрөн гарсан анхны гарди цолтон болж байна
Ардын хувьсгалын
104 жилийн ойн баяр наадмын их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд”
спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн
Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх улсын
аварга П.Бүрэнтөгс нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, аймгийн хурц арслан О.Наранбаатар, аймгийн арслан М.Бэлгүтэй нар үлдлээ.